Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-02 19:34:05
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын шадар сайд,Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Ховд аймагт өнөөдөр хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүсийг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог нар хүлээн авч уулзсан байна. 

Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг баруун бүсийн таван аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулж байгаа бэлтгэл ажил, болон нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор ирсэн байна. Тэрээр Ховд аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага, сургуулийн бэлтгэл ажил, угтаж хийсэн ажлуудыг товч танилцууллаа. Олон улсын сургалт, дадлага угтаж Ховд аймгийн Засаг даргын захирамжаар сумдад команд штабын сургалт зохион байгуулж, ажлын хэсэг байгуулж, 150 ажил хийхээр төлөвлөсөн нь эхнээсээ амжилттай явагдаж байгааг тэрээр хэлсэн юм. Эрэн хайх, аврах ажиллагааны сургалтаар баруун бүсийн Онцгой байдлын газрын  алба хаагчид сурсан мэдлэгээ баталгаажуулж нуранги,уул ус, урсгал болон тогтмол уснаас аврах, өндөр уулнаас аврах ажиллагааны сургалт, эрэлч нохойн дадлага,давчуу орон зайнаас аврах ажиллагааны  сургалтуудыг Жаргалант сум,  Шүүтийн тохой, Ховд гол, Буянт суманд амжилттай явагдаж байгаа юм. Мөн гамшгийн хор уршигтай тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал,үндэсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт явуулж, баруун бүсийн  Эрүүл мэндийн газрын дарга нар, Зооноз судлалын төвийн мэргэжилтнүүд  туршлага солилцож оролцож байна гэв. Баруун бүсийн “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт дадлага, сургуулилтад 14 хоногийн арга хэмжээнд 700 гаруй хүн хамрагдаж, АНУ, Тайланд, Шриланк, Балба зэрэг улс орнууд туршлага солилцохоор бэлтгэл ажил хангаж байгааг аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт  дурьдлаа. Мөн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд Ховд аймгийн Ус, цаг уур,  орчны шинжилгээний төвийн дарга А.Энхзаяа энэ зуны 6-9 сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдал, 6 сарын цаг агаарын төлөв, үүлэнд зориудаар нөлөөлж байгаа ажлын явцыг танилцуулж, өнгөрсөн зун гандуу байсан бол энэ зун гантай, халуун, хур чийг багатай зун болж, ургамал захаасаа шарлаж байгаа зэрэг үзэгдлүүдийг тодорхой тайлбарлалаа. Монгол Улсын Шадар сайд өнгөрсөн өвөл Ховд аймагт ажиллах үеэр цас зудтай амаргүй байсан, өнөөдрийн өндөрлөгөөс харахад хохирол багатай өвлийг давсан байна. Энэ зун гантай байх цаг агаарын төлөв байгаа энэ үед яаж мал таргалуулах, хадлан тэжээл хэрхэн бэлтгэх гэдэг асуудал  ажил онцгой анхаарал татаж байна. Үүлэнд зориудаар нөлөөлөх ажил аймаг бүрт яригдаж байна. Зардал их гардаг энэ ажилд хаа хаанаа анхаарч ажиллахыг аймгийн Онцгой комиссын гишүүдэд анхаарууллаа. Шадар сайд гамшгийн эрсдлийг бууруулах арга хэмжээний сургалтанд онцгой комиссын гишүүд чиг үүргийн дагуу хариуцлагатай хандах, бага гэлгүй бүх ажлыг тооцоолж, хоорондоо үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахыг захиж, амжилт хүслээ. Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин маргааш Засгийн газрын чиг үүрэг гүйцэтгэгч байгууллагууд Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйнтөв зэрэг байгууллагуудын ажилтай танилцана.
А.Бямбасүрэн
 
      
 

Холбоотой мэдээ