Байгаль орчинд ээлтэй 41 төрлийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dogsom@montsame.mn
2018-05-28 14:56:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болсон "Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэн-зөвлөгөөний 6 дахь удаагийн арга хэмжээ Ногоон технологи, инновацийг нэвтрүүлж, дэлгэрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгын хүрээнд болж байна.

МҮХАҮТ-ын Их танхимд болж буй тус арга хэмжээг нээж  БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлсэн үгэндээ, “Монгол орны нөхцөлд тохирсон, байгаль орчинд ээлтэй технологи, инновацийн шинэ санааг нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх үүднээс энэ арга хэмжээг эрдэмтэн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчдын төлөөллийг  оролцуулан зохиож байна. Төр, засгаас ногоон технологи, иннновацийн бодлого, стратеги тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нэг чиглэлд анхаарлаа хандуулж ирсний үр дүнд байгаль орчинд ээлтэй 41 төрлийн тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлж ногоон технологийг дэмжээд байна. Өнгөрсөн онд 15 аж ахуйн нэгж 33 тэрбум төгрөгийн орлогод ногдох хөнгөлөлт эдэлсэн. Мөн 2017 оны 5 дугаар сард эрчим хүч хэмнэх, дулаан үйлдвэрлэх болон бохир ус цэвэрлэх, усыг хэмнэлттэй ашиглах чиглэлийн 15 тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвараас чөлөөлсөн” гэв.
Мөн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт дэмжлэг авах нэг гол шалгуур үзүүлэлт болсон ISO 1401 стандартын байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлж байгаа  үндэсний компаниудын тоо нэмэгдэж байгааг онцлоод дотоодын 135 гаруй томоохон аж ахуйн нэгж компани дээрээ эрчим хүч үр ашигтай хэрэглэх төсөл, арга хэмжээ бүхий үүрэг хүлээн хэрэгжүүлээд ажиллаж байна. Эдгээр газрын хэрэглэж буй эрчим хүч манай улсын нийт цахилгаан  эрчим хүчний хэрэглээний 50 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд тухайн компаниуд үр ашиггүй хэрэглэдэг эрчим хүчээ 10 хувиар хянаж ажиллахад жилдээ 42.9 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах тооцоо гарсан гэв.
Тус үзэсгэлэнг зохион байгуулагч байгууллагын нэг Эрчим хүчний зохицуулах хороог төлөөлж зохицуулагч Д.Батсайхан хэлэхдээ, манай хороо Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээн хоёр дахь жилдээ ажиллаж, эрчим хүч хэмнэх талаар ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх ажлыг 70 хувийн гүйцэтгэлтэйгээр шилжээд байна. Үзэсгэлэнд агаарын бохирдлыг бууруулах талаар нарны халаалт ашиглах, эрчим хүчний хуримтлуур хэрэглэн шөнийн бага ачааллын үед ашиглах зэрэг халаалтын системийг шийдэж нэвтрүүлж байгаа компаниуд, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК оролцож байгааг дуулгав. Энэ дашрамд дуулгахад Монголд хүлэмжийн хийг бууруулсан анхны аж ахуйн нэгжээр “Ану Сервис” компани тодорч ногоон санхүүжилтийн шугмаар олон улсын “Ногоон уур амьсгалын сан”-гаас 778 сая, “Монсеф” байгууллагаас 438 сая төгрөгийг агаарын бохирдлыг бууруулсны анхны нөхөн олговор болгон аваад байгаа юм. Тус компани Монголд анх удаа  утаа багатай нам даралтын зуухны технологийг төвийн болон орон нутгийн нэгдсэн халаалтад холбогдоогүй  сургууль, цэцэрлэгт байрлуулж дулаанаар хангах системийг нэвтрүүлж ногоон технологийг  хэрэгжүүлсэн юм. 
“Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд МҮХАҮТ-д энэ талын сэдэвт зөвлөгөөн болж байна Зөвлөгөөнд “Ногоон технологийг дэмжих талаарх төрийн бодлого, хэрэгжилт” сэдвээр БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Хоролмаа, ногоон санхүүжилтийн талаар “Ногоон зээлийн корпорац”-ийн зөвлөх Б. Найдалаа нар илтгэл тавьж байна.
Үзэсгэлэнд 60 гаруй байгууллага техник, технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагаас “Ховдтул” ХХК байшингийн хана дагуу байрлуулах боломжтой маш нимгэн, инновациэко-электрон халаалтын шийдэл буюу вакум радиатор тавьжээ. Бага эрчим хүчээр жигд халаах зориулалттай, зөөвөрлөж хэрэглэхэд хялбар, автомат ажиллагаатай сайн чанарын материалаар хийсний дээр ашиглалтын зардал нь өдөрт 1700-5000 төгрөг гардаг байна.
“Эконоос”ХХК-ын хонины ноосон барилгын дулаан тусгаарлах материал нэлээд анхаарал татаж байв.Халаалтын зардлыг хэмнэхээс гадна бүтээгдэхүүн чанарын хувьд хортон шавьжнаас хамгаалагдсан, химийн найрлагагүй, галд тэсвэртэй, дуу чимээ тусгаарлах зэрэг олон давуу талтай аж. Үзэсгэлэнд “Хас” болон “Ариг” банк, Ногоон санхүүгийн корпорациас ногоон зээлийн боломжийг бүрдүүлэх цогц үйлчилгээ үзүүлж байна.
 
Б.Болд
Холбоотой мэдээ