ТҮЦ-үүдийн төлөөллийг ажлын хэсэгт оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-05-25 17:38:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга С.Амарсайхан нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд худалдаа эрхлэгчдийг төлөөлөн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, өмгөөлөгч Х.Бат-Ялалт, ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн Н.Батцэцэг, Худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүлэгч С.Пунсалдулам, ТҮЦ ажиллуулагч 8 иргэн уулзав. Х.Бат-Ялалт, “Өнөөдөр нийслэлд жижиг худалдаа эрхлэгч 300 гаруй хүн байна. Тэд өндөр хүүтэй зээлийн хүүд баригдаж, ТҮЦ-ээ ачуулах, хөөгдөж туугдах, торгуулах зэрэг бэрхшээлтэй байнга учирдаг. Энэ асуудлыг нэг мөр шийдэж өгөөч гэж уулзаж байна. 
 
Өмгөөлөгч хүний хувьд хэлэхэд нийслэл, дүүргээс ТҮЦ буулгах, нүүлгэн шижүүлэхдээ худалдаа эрхлэгчдэд энэ талын захирамжийг танилцуулдаггүй. Хугацаа өгөлгүйгээр шууд ачиж иргэдийн өмчид бүдүүлгээр халддаг. Гомдол гаргах хугацаа болон эрхээр хангадаггүй ёс зүйгүй, хуулиа биелүүдэггүй байдал төрийн албан хаагчдын зүгээс гаргаж байна гэв. ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн Н.Батцэцэг, ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийг нэг жилээр сунгадаг. Үүнийг урт хугацаагаар хийж байхгүй бол хугацаа сунгаж байна гэсэн нэрээр дүүргийн Үйлдвэр, үйлчилгээнийхэн давхар мөнгө нэхдэг. Мөн зөрчил гаргасан нэрээр бид өдөрт 10 мянгаар, сард 300 мянгаар торгуулдаг. Сая төгрөгийн торгууль хүлээсэн хүн ч байна. Дүүрэг, хороо, цагдаа нарын зүгээс байнга дарамтлаж мөнгө нэхдэг. Тэгсэн хэрнээ өөрсдөө ТҮЦ ажиллуулж ТҮЦ худалддаг явдал бий. 
 
Бид чинь төр, засгаас юу ч нэхэхгүй, өөрсдөө амьжиргаагаа залгуулж буй амьд хүмүүс. Биднийг хөөж тууж болиуллаа гэхэд бидэнд ямар ажил санал болгож байна вэ. Хүмүүс өглөө эрт ТҮЦ-нээс л ойр зуурын хэрэгцээгээ хангадаг. Хэрэв үйлчилгээний бусад газруудыг өглөө эрт ажиллуулдаг зохицуулалт хийвэл ТҮЦ-үүд байх ёстой газраа л байна. Үүнийг би асуудлыг шийдэх нэг гарц гэж үзэж байгаа гэв. Тэднийг хүлээн авч уулзсан НИТХ-ын дарга С.Амарсайхан, “ТҮЦ-үүдийн асуудлыг нэг мөр шийдэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Бид ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчдийн мөрдөх журам боловсруулж байна. Ажлын хэсэг байгуулсан. Энд та нарын төлөөллийг оролцуулж байна. Асуудлыг хамтдаа шийднэ” гэв. 
 
Уулзлатанд НИТХ-ын Хуулийн хэлтсийн дарга Даваажаргал, Өргөдлийн хорооны дарга Сүхбаатар, Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэргэжилтэн У.Оюунболор нарын албаны хүмүүс оролцов. 

Б.Болд
Холбоотой мэдээ