Иргэдийнхээ саналаар хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх спортын талбайтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Түдэвтэй сумын иргэд энэ жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүүхэд залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх спортын иж бүрэн талбайтай болох саналыг өгчээ.
Сум хөгжүүлэх болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иргэдээс ирүүлсэн саналыг эрэмбэлж хамгийн олон санал авсан бүтээн байгуулалтын ажлуудыг хийдэг. Энэ жил тус суманд Орон нутгийн хөгжлийн сангаас 50,5 сая төгрөг хуваарилагджээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд иргэдээс ирүүлсэн хамгийн олон саналтай хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан иж бүрэн спортын талбай, цэцэрлэгт хүрээлэн барихад зарцуулах гэж байна. Мөн сумын Аргалант багийн төвийг барих, стандарт гал командтай болох, сумын аюулгүйн нөөц бэлтгэх зориулалтаар малын тэжээл тариалах талбайг өргөтгөх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Харин Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтыг суманд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэдийн бичил төслийг санхүүжүүлэхэд зориулдаг байна. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн амьдралд үр өгөөжөө өгдөг. Гэвч эргэн төлөгдөх нөхцөлийг сайн сурталчилж өгөөгүйгээс хугацаа хэтэрсэн зээл их байна. Хугацаа хэтэрсэн зээлтэй иргэдтэй уулзалт хийж, 2018 оны тавдугаар сарын 20-ны дотор зээлийг бүрэн төлж барагдуулах гэрээг дахин хийлээ. Өөрөөр хэлбэл малчид, иргэдийн эдийн засгийн чадамж дээшлэх ноолуураа борлуулах үеийг нь тааруулж эргэн төлөгдөх хугацааг сонголоо. Энэ жил эргэн төлөлт нь үр дүнтэй байвал суманд үйлдвэрлэл явуулах сонирхолтой арьс шир, малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх гар үйлдвэрлэл хийх дундын хоршоо, нөхөрлөлүүдийн ахуйн үйлчилгээ, зөөлөн оёдлын чиглэлүүдийн төсөлд санхүүжилт олгох төлөвлөгөөтэй байгаа талаарх мэдээллийг Түдэвтэй сумын ЗДТГ-аас өглөө.
Найман сая төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Завханы хойд бүсийн төв гэгддэг Түдэвтэй суманд 2017 онд бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажил хийгджээ.
Тухайлбал Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын анхны ерөнхийлөгч асан П.Очирбатын санаачилгаар 75 хүүхдийн дотуур байрыг 150.0 сая төгрөгөөр бүрэн засварлажээ. Ийнхүү барилга нь хуучирсан, чийг үнэртсэн, хана таазнаас мөөгөнцөр ургасан байранд амьдарч хичээл, хүмүүжлийн ажлыг явуулдаг байсан бол иж бүрэн засварласнаар малчдын хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох, амьдрах орчин сайжирч, сурлагын амжилтанд ч ахиц гарч байна. Мөн 2017 онд Түдэвтэй сумын түүхт 90 жилийн ой тохиож, төсвийн байгууллагуудын хэрэгцээт тоног төхөөрөмжийн судалгааг сайн гаргасны үр дүнд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуульд 200 орчим сая төгрөг, Монгол Улсын Ардын эмч Хүний гавьяат эмч П.Онхуудайн нэрэмжит сум дундын Нэгдсэн эмнэлэгт 100 орчим сая төгрөг, сумын ЗДТГ-т 15 сая төгрөг, Хүүхдийн цэцэрлэгт 12 сая төгрөг, Соёлын төвд 50 гаруй сая төгрөг, сумын гудамж талбайн тохижилтонд 150 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийсэн үр дүнтэй жил өнгөрсөн. Энэ жил ч мөн багагүй ажлууд хийгдэж байна. Тухайлбал манай сум нэгдсэн халаалтад холбогдсон байгаа. Нэгдсэн халаалтанд холбогдож нам даралтын шаталтын зуухнууд хаагдсанаар агаарын бохирдолт багассан. Халаалтанд холбогдсон газруудын орчин нөхцөл сайжирлаа. Нэгдсэн халаалтад холбогдсон албан байгууллагууд болон айл өрхүүдийн ойгоос бэлтгэх модны хэрэглээ багассан зэрэг олон давуу тал бий болоод байна. Бид энэ жил “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд 2018-2020 онд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зураг төслийг гарган, ОНХС-аас найман сая төгрөгийг хуваариллаа. Нэгдсэн хогийн цэгийн талбайг багасгах зориулалтын хашаа бүхий харуулын байртай болсгосноор эзэнгүй хог хаягдал буурсан гээд ололттой олон ажлыг хийж эхлээд байгаа талаарх мэдээллийг Түдэвтэй сумын Засаг дарга Н.Дамдинбазар өглөө.
Б.Мягмарсүрэн