Спортын наадмын шилдгээр Баруун-Урт сум шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-19 17:55:34
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Олимп-Эв нэгдэл” сумдын спортын наадам таван өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө. Наадмын шагнал гардуулал ёслолын ажиллагаа Жаахан шарга театрт өнөөдөр болсон юм.
Багийн дүнгээр Баруун-Урт сум 13 сумаа тэргүүлж, спортоор тэргүүний сумаар өргөмжлөгдлөө.

Харин хоёрдугаар байрыг Мөнххаан, гуравдугаар байрыг Эрдэнэцагаан сум тус тус эзэлсэн юм. Хамгийн идэвхтэй, оролцоо, дэг журам, зохион байгуулалт сайтай сумаар Онгон сум нэрлэгдлээ. Тэргүүн багийг Өргөмжлөл, гуран сая, хоёрдугаар байрыг 2,5 сая, гуравдугаар байрыг хоёр сая төгрөгөөр шагнав.

“Олон жилийн дараа болж буй гэдэг утгаараа сумд үнэхээр их ач холбогдол өгч, бэлтгэж ирсэн байна. Бүх тэмцээн маш ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилсэн. Манай сумдын залуучууд үнэхээр спортлог болсон гэдэг нь энэ удаагийн наадмаас тод харагдсан. Тиймээс тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаа аймаг орон нутгийн удирдлагууд мэдэгдсэн. Үүнд бид баяртай байгаа. Энэ удаагийн наадмыг зохион байгуулахад 20 орчим сая төгрөг зарцуулсан байна. Энэ бол зөвхөн зохион байгуулагчдын зүгээс гарсан зардал. Үүн дээр сумдын гаргасан зардлыг нэмэх юм бол их тоо гарна. Спортод хэдий чинээ хөрөнгө хаяна төдий чинээ амжилт үр дүн гардаг шүү дээ. Сумдын материаллаг бааз тодорхой хэмжээгээр бэхжсэн, оролцогч үзэгчдийн сэтгэлд тодоос тод дурсамж үлдээсэн үнэхээр сайхан наадам боллоо. Мөн наадмын уриа болсон эв нэгдэл гэдэг зүйлийг бид харуулж чадлаа.” гэж аймгийн БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох ярилаа.
Т.Одончимэг
 
 
 
Холбоотой мэдээ