Эх хэлний их сорилгод Хөвсгөл аймаг багаараа тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Идэр сумд Ардын боловсролын тэргүүний ажилтан, багш Лутын Лхагважавын нэрэмжит “Эх хэлний их сорилго- Идэр” олимпиад тавдугаар сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэ жил 14 дэхь жилдээ амжилттай явагдсан тус олимпиадыг “Үлэмж эгшиглэн” сангаас жил бүр ивээн тэтгэж зохион явуулдаг байна. Олимпиадад энэ жил Хөвсгөл, Увс, Ховд, Говь-Алтай, Орхон, Дорнод, Дундговь, Завхан, Сүхбаатар, Баянгол, Налайх, Чингэлтэй зэрэг аймаг, дүүргийн 50 сургуулийн 41 баг, 140 багш, давхардсан тоогоор 1310 суралцагч эх хэлнийхээ мэдлэг чадварыг сорин 39 багц медалийн төлөө өрсөлджээ. Олимпиад 5-12-р ангийн суралцагчдын дунд монгол хэл бичгийн олимпиад, 10-12 ангийн суралцагчдын дунд “Гүн сэтгэе” эссэ бичлэг, “Яруу сэтгэе” шүлгийн уралдаан, мэргэжлийн багш нар, бага боловсролын багш нар, монгол бичгийн цэвэр сайхан бичигтэн багш нарын гэсэн ангиллаар явагджээ. Ийнхүү тэргүүн байрыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, дэд байрыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургууль, гутгаар байрыг мөн аймгийн Галт сумын Ерөнхий боловсролын дунд сургууль тус тус эзэлжээ.
Завханы багш сурагчид 17 шагналт байрыг хүртжээ
“Эх хэлний их сорилго- Идэр” олимпиадад Завхан аймгаас нийт 15 ерөнхий боловсролын сургуулийн 500 гаруй сурагч, 50-иад багш оролцож 17 шагналт байрыг эзэлсэн байна.
Тухайлбал мэргэжлийн багшийн төрөлд Дэвшил сургуулийн Монгол хэлний багш Ч.Уранчимэг тавдугаар байр, Монгол бичгийн зөв цэвэр бичигтэн төрөлд Улиастай сумын IV сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Д.Юнрэндорж дөрөвдүгээр байрыг тус тус эзэлжээ. Мөн X-XII ангийн сурагчдын дунд Чингис хааны одонт, МУСГЗ зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит “Гүн сэтгэе” эсээ бичлэгийн уралдаанд Улиастайн Жавхлант цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч Н.Отгонцэцэг, 10-р ангийн монгол хэл, бичгийн олимпиадад мөн сургуулийн сурагч П.Балжинням нар тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн байна. Монгол хэл, бичгийн олимпиадын 12-р ангийн төрөлд Улиастайн Чандмань Эрдэнэ Лаборатори сургуулийн сурагч н.Цогзолмаа, Тавдугаар ангийн төрөлд Тосонцэнгэл сумын 1-р сургуулийн сурагч О.Баяргүн, 8-р ангийн төрөлд Улиастайн Чандмань Эрдэнэ Лаборатори сургуулийн сурагч О.Уянга нар дэд байр эзэлж, мөнгөн медалийг хүртжээ. Монгол хэл, бичгийн олимпиадын Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн 8А ангийн сурагч Б.Өлзийдэмбэрэл, мөн сумын 1-р сургуулийн 11А ангийн сурагч Ц.Мөнгөнтуяа, мөн сумын 2-р сургуулийн 12Б ангийн сурагч Б.Чанцалдулам нар гуравдугаар байр эзэлж хүрэл медалиар тус тус шагнагджээ. Ийнхүү Завхан аймгаас нийт хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль, 9 тусгай байрыг эзэлжээ.
Эх хэлний олимпиад эрдэмтэн мэргэдийн их чуулга болдог гэв
Завханы Идэр суманд Ардын боловсролын тэргүүний ажилтан, багш Лутын Лхагважавын нэрэмжит олимпиад энэ жил “Багш дор мөргөмү” уриан дор оюуны баяр болон зохион байгуулагдлаа.
Тус олимпиад жил бүр ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нарын болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж урмыг тэтгэн үнэлэх, ахлах, дунд ангийн сурагчдын эх хэлний мэдлэг, авьяас чадварыг нээж хөгжүүлэн урамшуулах зорилгоор зохион байгуулагддаг ажээ.
Олимпиадыг ерөнхий боловсролын сургуулийн V-XII ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын хичээлийн стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд, монгол хэл, уран зохиолын багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан, I-V ангийн багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын уралдаан гэсэн төрлүүдээр явуулжээ. Мөн X-XII ангийн сурагчдын дунд Чингис хааны одонт, МУСГЗ зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит “Гүн сэтгэе” эсээ бичлэгийн уралдаан, монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах уралдаан, Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоогийн нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдаануудыг мөн тус тус зохион байгуулжээ. Олимпиадын дүнг хэл бичгийн ухааны эрдэмтэн судлаач, багш нараас бүрдсэн шүүгчдийн баг шалгаруулсан байна. Эх хэлний оюуны баярт Монгол Улсын бичгийн эрдэмтэн докторууд, нэрт яруу найрагч зохиолчдын баг хүрэлцэн ирж оролцжээ. Тухайлбал эрдэмтэн зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Чингис хааны одонт, МУСГЗ яруу найрагч Г.Мэнд-Ооёо, МУСГЗ эрдэмтэн гүүш Го.Аким, МУИС-ийн гавьяат багш, доктор, профессор Д.Галбаатар, МУИС-ийн багш, доктор, профессор, МУСГЗ До.Цэнджав, Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж, МУСГЗ яруу найрагч Х.Чилаажав, МУСГЗ яруу найрагч Дан.Нямаа, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр, ДБЭТ-ын ерөнхий захирал, МУГЖ дуучин Ц.Төвшинтөгс, МУҮНС-ийн ерөнхий захирал, Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, УГЗ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, МЗЭ-ийн УЗ-ийн дарга, МУСГЗ, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-очир, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Мягмаржав, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, СХУ-ны доктор, профессор Д.Баттогтох, ШУТИС-ийн багш, ХШУ-ны доктор Ө.Оюунхүү нарын хүмүүс ирж оролцжээ. Эх хэлний олимпиадын үеэр монгол хэл, уран зохиолын мэргэжлийн болон анхан шатны багш нарт эх хэлний эрдэмтэд сургалт явуулж арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн олимпиадад оролцогч багш, сурагчид болон Идэр сумын иргэдтэй эрдэмтэд, зохиолч, яруу найрагчдын уншигчдын нээлттэй уулзалт болжээ. Орхон аймгийн багш нар тэргүүн туршлагаа үзэсгэлэн гарган байрлуулсан нь багш нар харилцан туршлага солилцох, санал бодлоо солилцох боломж бололцоог олгожээ. Ийнхүү олимпиадыг зорин, мэдлэг чадвар, билиг ухаанаа уралдуулах багш, сурагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байгаа нь сайшаалтай юм. Жил бүр багш, сурагчдын ур чадвар нэмэгдэж байгаа нь үнэхээр бахархмаар байна хэмээн зохион байгуулагчид хэллээ. Харин багш сурагчдын тухайд эх хэлний олимпиадыг зорин ирэх гэж бүтэн жил догдлон хүлээдэг. Учир нь эх хэлний олимпиад бол Монголын эрдэмтэн мэргэдийн их чуулга болдог. Энэ үеэр багш, сурагчид бид шинэ зүйлийг сурч эх хэлнийхээ яруу тансаг, гайхамшгийг мэдрэх, Монголын утга зохиол, эх хэлний томоохон төлөөллүүдтэй нүүр тулан уулзаж зөвлөгөөг нь сонсох боломж олддог хэмээв.
Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав
Жил бүрийн хавар эх хэлнийхээ мэдлэг, чадварыг сорихоор эх орны зүг бүрээс сурагч, багш нар Завхан аймгийн Идэр сум, Идэрийн голын хөвөөнөө хуран чуулдаг. Энэ жилийн Эх хэлний их сорилгод Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Налайх дүүрэг, Завхан, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Дундговь, Сүхбаатар, Дорнод аймгийн 50 гаруй сургуулиас 150 орчим багш, 1200 гаруй сурагч эрдэм мэдлэгээ сорин өрсөлдөхийн зэрэгцээ эх хэл, бичиг соёлын эрдэмтэн мэргэд, алдарт зохиолч, яруу найрагчидтай уулзан сэтгэлдээ хүсэл мөрөөдлийн жигүүр өвөрлөн буцлаа.
Уламжлалт 13 төрлөөр өрсөлдсөн энэ жилийн эх хэлний сорилгыг багийн дүнгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль тэргүүлж, мөн аймгийн Титэм ерөнхий боловсролын сургууль удаалж, Галт сумын ерөнхий боловсролын сургууль гуравдугаар байрт шалгарсан бол Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай сургууль дөрөвдүгээр байрыг эзэллээ. Ийнхүү өнгөрсөн жилийн 2, 3, 4-р байрыг эзэлж байсан Хөвсгөл аймгийн гурван сургууль эхний гурван байрт жагсжээ. 2017 оны дэд байрын шагналт Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хамт олон энэ жил даагаа нэхэж "Үлэмж эгшиглэн" сангийн хүндэт цомыг мөнгөн шагнал хоёр сая төгрөгийн хамт гардан авлаа. Харин Идэрийн эх хэлний сорилгын дээд шагнал “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдэгийн эзнээр Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш М.Мягмаржав тодорч, таван сая төгрөгийн бай шагнал гардав. Удаах байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн багш Д.Отгонсүрэн, гуравдугаар байрт Говь-Алтай аймгийн Цээл сумын багш М.Сугармаа, дөрөв, тавдугаар байрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р сургуулийн багш Б.Нямсүрэн, Завхан аймгийн Улиастай сумын Дэвшил сургуулийн багш Ч.Уранчимэг нар тус тус шалгарчээ. Бага ангийн багш нарын уралдаанд Улаанбаатар хотын Олонлог сургуулийн багш М.Баасанжав тэргүүн байрт шалгарч, Увс аймгийн Улаангом сумын цогцолбор 1-р сургуулийн багш Ц.Цэвэлмаа, Хөвсгөл аймгийн Галт сумын сургуулийн багш Н.Ариунтунгалаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р сургуулийн багш М.Сувданцэцэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р сургуулийн багш Б.Энх-Октябрь нар удаалж 500,000-2,500,000 төгрөгийн бай шагналын эзэд боллоо.
Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичгийн ангилалд 146 багш оролцсоноос тэргүүн байрыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн багш О.Оюунтунгалаг, удаах байруудыг Говь-Алтай аймгийн Алтай сумын сургуулийн багш П.Сарантуяа, Увс аймгийн Зүүнхангай сумын сургуулийн багш Ц.Баасандорж, Завхан аймгийн Улиастай сумын 4-р сургуулийн багш Д.Юнрэндорж, Улаанбаатар хотын Налайх дүүргийн 119-р сургуулийн багш Д.Батнасан нар шалгарлаа.
Чингис хааны одонт, МУСГЗ яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит “Эсээ” бичих уралдаанд нийт 308 сурагч өрсөлдсөнөөс Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Н.Отгонцэцэг, Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ичинхорлоогийн нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдаанд 258 сурагч оролцсноос Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн сурагч Б.Балжинням нар тэргүүлж дээрх эрхмүүдээс шагналаа гардаж авав. Мөн дээрх хоёр төрлийн хоёрдугаар байранд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р сургуулийн сурагч Э.Ууганзаяа шалгарч хос мөнгөн медаль хүртлээ. 5-12-р дугаар ангийн ангилалд өмнөх жилийн их сорилгоос удаа дараа медальт байрт шалгарч байсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн сурагч Б.Чимэдцэрэн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сурагч Б.Энхжин, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн сурагч Ч.Уртнасан, Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч П.Балжинням, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Ж.Буньяа, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн сурагч П.Сумьяасүрэн нарын 700 гаруй шилдэг сурагчид мэдлэг чадвар, ур ухаанаа сорьж өрсөлдснөөс эхний таван байрт шалгарсан сурагчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж 150,000-250,000 төгрөгөөр мялаалгав.
Б.Мягмарсүрэн