Хятад улс анх удаагаа хувийн компанийн үйлдвэрлэсэн жижиг пуужинг хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
dorjkhand@montsame.mn
2018-05-18 13:45:03
ЧУНЦИН. /Синьхуа/.  Хятад улс анх удаагаа хувийн компанийн зохион бүтээсэн жижиг пуужинг хөөргөсөн тухай "Синьхуа" агентлаг мэдээллээ.
 
Өчигдөр өглөөгүүр хөөргөсөн 9 метр урт, 7200 кг жинтэй пуужинг Бээжин хотод төвтэй “OneSpace Technology” компани зохион бүтээжээ. Пуужинг Өвөр Монголоос хөөргөсөн байна.

“OneSpace Technology” компани нь бичил хиймэл дагуулыг тойрог замд оруулж чадахаар жижиг пуужинг одоо мөн хийж байгаа бөгөөд энэ оны эцсээр хөөргөхөөр төлөвлөж байгаа гэнэ.
 
“OneSpace Technology” компанийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд захирал Шу Чан ярихдаа “Бид анхны пуужингаа амжилттай хөөргөлөө. Дараагийн ээлжинд биднийг олон сорилт хүлээж байна. Тухайлбал, 100 пуужинг нэгэн зэрэг үйлдвэрлэхийг бид зорьж байна” гэж ярьжээ.

Хятадын тус компани жижиг пуужин үйлдвэрлэлийн зах зээлд нэвтэрснээр энэ салбарт өрсөлдөөн улам ширүүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

2015 оны наймдугаар сард байгуулагдсан “OneSpace Technology” компани зөөгч пуужинг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий Хятадын анхны хувийн компани ажээ.

Г.Доржханд


Холбоотой мэдээ