Д.Хан-Уул: Энэ онд 12.4 км дугуйн зам барихаар төлөвлөсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-05-09 15:18:33
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уулаас дугуйн зам дэд хөтөлбөрийн талаар тодрууллаа.

-Нийслэлчүүд “Дугуйн зам” дэд хөтөлбөрийг  сонирхож байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил ямар явцтай  байна вэ?

-Манай газраас  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны  өдрийн  захирамжийн хүрээнд ажиллаж байна. Улаанбаатар хотын төвийн хэсэгт 162,3км унадаг дугуйн зам /10 трасс/, Сэлбэ, Туул, Дунд гол, Хөлийн голуудын дагуу 187,9 км дугуйн зам /10 трасс/ нийт 350.2 км унадаг дугуйн замын трассын судалгаа, тохижилтын зураг төслийг мэргэжлийн зураг төслийн зөвлөх байгууллагад боловсруулсныг зөвшилцөн дугуйн замын трассын мэдээллийг хот байгуулалтын мэдээлэл, менежментийн системд оруулан бүртгэж хамгаалалтад авч байна.

-2017 онд будгаар тусгаарласан дугуйн замыг зарим иргэд шүүмжилж байсан. Олон улсад дугуйн замын ямар төрлүүд байдаг вэ?

-Олон улсад дугуйн замын байгууламж нь олон янз. Автомашины зорчих хэсгийг тусгаарлаж дугуйн замын зурвасыг өнгөөр ялгаснаас гадна явган зорчигчийн зорчих хэсгийн тодорхой зурвасыг будгаар ялгаж өгсөн шийдлүүд түгээмэл бий. Энэ бол харьцангуй дулаан уур амьсгалтай хотуудад түгээмэл хэрэглэгддэг. Мөн өндөр өртөгтэй ч  асфальтаар тусгайлан барьж байгуулах шийдэл байна. Ер нь дугуйн замын байгууламж нь тухайн орон нутгийн цаг агаарын нөхцөл байдалтай маш нарийн уялдсан байх ёстой.



Нийслэл хот маань хот байгуулалтын хувьд 100 нас ч хүрээгүйн дээр төвлөрсөн төлөвлөгөөт системийн үед хотжиж эхэлсэн харьцангуй залуу хот учир унадаг дугуйн замыг барьж хэрэгжүүлэх боломж их байгаа. Гэсэн хэдий ч гүйцэтгэх тал дээр мэдлэг мэдээлэл, туршлага дутаж байгаагийн зэрэгцээ зөвшөөрөлгүй хашаа хайс барьсан, дутуу буруу мэдээллээр сөрөг мэдээлэл цацагдах зэрэг төрөл бүрийн л саад гарч байна.

-Энэ онд хэчнээн км дугуйн замыг ашиглалтад оруулах вэ?

-Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд Хотын төвийн хэсгийн III трасс буюу Бага тойруугийн дагуу 2 - 5 км дугуйн зам мөн Зайсан чиглэлийн II трассын 5.4 км дугуйн замыг гүйцэтгэх саналыг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хүргүүлээд байна.

-Дугуйн зам бий болгохын хэрээр зогсоолын асуудал ярих байх. Энэ талаар ямар шийдэлд хүрэв?

-Дээр дурдсан нийт 350.2 км унадаг дугуйн замын трассын дагуу нэгдсэн зогсоолуудыг 70 байршилд төлөвлөсөн. Хотын төвийн хэсэгт төлөвлөсөн нэгдсэн зогсоолуудаас гадна төрийн байгууллага, үзвэр үйлчилгээний газрууд үйлчлүүлэгч иргэдэд зориулсан унадаг дугуйн зогсоолыг өөрсдийн хөрөнгөөр  өвөрмөц шийдлээр байгуулж байгаа нь талархууштай.

-Аялал жуулчлалын шугмаар дугуйн зам барихаар төлөвлөж байгаа гэсэн?

-Тиймээ. Нийслэлийн хэмжээнд нийт 350.3км дугуйн замын 187.9 км замын трасс нь дотоод гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд гэр бүл, хамт олноороо тодорхой байршилд зориулалтын замаар аялах боломжтой байршил буюу Туул, Сэлбэ, Дунд, Хөлийн голуудыг дагасан бие даасан унадаг дугуйн замын трасс байгаа. Үүний талаар манай mpa.ub.gov.mn цахим хуудаснаас http://mpa.ub.gov.mn/?p=1157 холбоосоор танилцуулга үзэх боломжтой.

 
Холбоотой мэдээ