Пауэрлифтингийн тамирчид дэлхий, тивийн АШТ-ээс 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтай ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-07 13:47:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Спортын төв ордонд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах  улс /ӨАБНУ/ -д пауэрлифтингийн хэвтээ шахалтын ахмад болон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хос алт, мөнгөн медальтай ирсэн баг тамирчид хэвлэлийн бага хурал хийж, мэдээллээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-28-нд зохион байгуулсан “ Equipped” буюу хувцас тоноглолтой хэвтээ шахалтын ДАШТ-д манай улсаас найман тамирчин оролцжээ. Тэмцээний насанд хүрэгчдийн -120 кг-д хэвтээ шахалтын ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн 4 удаагийн аварга, энэ жинд дэлхийн рекорд эзэмшигч, ОУХМ Б.Чимидцэрэн 357,5 кг өргөж алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа Төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Мөн насанд хүрэгчдийн -120 кг жингийн дэлхийн аварга, Азийн аварга, ОУХМ Б.Алтангэрэл жин өгсөж энэ ангиллын +120 кг-д хүчээ сорьж 365 кг-ийг өргөж мөнгөн медаль хүртжээ.

Харин ахмадын буюу М1 ангиллын 105 кг-д Азийн аварга, спортын мастер Б.Ууганбаяр 260 кг өргөж алтан медаль, М1 ангиллын -120 кг-д Азийн аварга, спортын мастер Ц.Баярхүү 245 кг өргөж мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МФНХ/-ны баг тамирчид 2018 оны хувцас тоноглолтой хэвтээ шахалтын ДАШТ-д Төрийн дууллаа хоёр удаа эгшиглүүлж, Төрийн далбаагаа дөрвөн удаа мандуулан амжилттай оролцож, багийн дүнгээр тавдугаар байрт шалгарсан байна.

Мөн Энэтхэг улсад 2018 оны тавдугаар сарын 5-6-нд болсон Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцож алт, мөнгөн медаль хүртсэн байна. Тухайлбал, залуучуудын -83 кг-д Х.Төртайван хэвтээ шахалтын төрөлд болон газраас таталтын төрөлд тус бүр хүрэл медаль хүртжээ. Харин Мастер1 ангиллын -120 кг-д өрсөлдсөн А.Отгонбаяр нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, Ази тивийн аварга болжээ.

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид энэ өдрүүдэд медалийн хур буулгасан бол энэ сарын 13-18-нд Финланд улсын Вантаа хотноо болох классик хэвтээ шахалтын гурав дахь удаагийн ДАШТ-нд 5 тамирчнаа оролцуулахаар бэлтгэлдээ шамджээ. Мөн ирэх зургадугаар сарын 5-17-нд Канад улсын Калгари хотноо зохион байгуулах 6 дахь удаагийн классик пауэрлифтингийн ДАШТ-д 6 тамирчнаа оролцуулахаар болсон байна.

Д.Өлзий  
Холбоотой мэдээ