В.Путин өнөөдөр тангараг өргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-07 11:36:16
МОСКВА. /ТАСС/. Энэ оны гуравдугаар сард болсон сонгуульд ялснаар дөрөв дэх удаагаа ОХУ-ын төрийн тэргүүнээр ажиллах болзлыг хангасан Владимир Путин өнөөдөр Москвагийн цагаар 12:00 цагт (Улаанбаатарын цагаар 17:00 цагт) тангараг өргөнө. Энэ тухай "ТАСС" агентлаг мэдээллээ.
 
В.Путин гуравдугаар сард болсон сонгуульд 76 хувийн саналаар ялсан билээ.

Тагнуулчаас төрийн тэргүүн болсон В.Путины тухай 10 сонирхолтой баримт

1.    Владимир Путин бага насаа Ленинград хотын нэгэн нийтийн байранд өнгөрүүлжээ. Тэрбээр байрныхаа шатны хонгилд харх агнадаг байснаа дурсан ярьж байсан удаатай

2.    В.Путины өвөө нь В.И.Лениний зусланд тогооч хийдэг байжээ. Мөн дараа нь тэрбээр Сталинд үйлчилж байсан гэдэг.

3.    В.Путин нь дэлхийн хамгийн спортлог төрийн тэргүүн нарын нэг юм. Тэрбээр 18 настайдаа жүдогийн хар бүс авсан бөгөөд одоо ч тулааны урлагаар хичээллэдэг. Мөн тэрбээр чөлөөт цагаараа цанаар гулгах, хоккей тоглох, загасчлах дуртай.

4.    В.Путин тагнуулчийн түүхийг өгүүлсэн ном зохиол унших дуртай нэгэн. Нэгэн удаа тэрбээр “Бүхэл бүтэн армийн хийж чадаагүйг ганц тагнуулч хийж чаддаг нь гайхамшигтай” гэж хэлж байжээ.

5.    В.Путин их сургуулиа төгсмөгцөө ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-д элссэн ба 1980-аад оныг Барууны улс орнуудад тагнуул хийж, мэдээлэл дамжуулах хүмүүсийг олж элсүүлэх үйл хэрэгт зориулсан гэдэг.

6.    В.Путин тэжээвэр нохдодоо тун хайртай гэнэ. Тэрбээр заримдаа гадны улс төрчидтэй уулзахдаа ч нохойгоо дагуулж явдаг байна. Үүнийг нь уулзаж байгаа хүнээ айлгаж, нөлөөлөх зорилготой гэж ажиглагчдын зарим нь үздэг байна.

7.    В.Путин герман хэлээр чөлөөтэй ярьдаг. Англи хэлээр мөн сайн ярьдаг боловч англиар нэг их яриад байдаггүй.

8.    В.Путин, түүний гэргий Людмила нар салж байгаагаа 2013 онд театрт балет үзсэнийхээ дараа сэтгүүлчдэд мэдэгдэж байв.

9.    В.Путин нь Мария (1985 онд төрсөн), Катерина (1986 онд төрсөн) гэдэг хоёр охинтой. Охид нь Санкт-Петербургийн их сургуулийг дүүргэжээ. Ерөнхийдөө түүний охидын амьдрал маш нууцлаг. Тэд одоо хаана амьдарч, юу хийдэг нь тодорхойгүй.

10.  В.Путин нь жинхэнэ үнэн алдартны шашинтан бөгөөд ижил хүйстнүүдийн харилцааг "чөтгөр шуламтай нөхцөхтэй адил" гэж үздэг аж.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ