Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах боломжтой гэж өмнөд солонгосчуудын дийлэнх нь үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-03 13:57:30
СӨҮЛ. /Ёнхап/. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах боломжтой гэж Өмнөд Солонгосын 10 иргэн тутмын долоо нь үзэж байгааг судалгааны дүн харууллаа гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Олон нийтийн дунд санал асуулга явуулдаг “Realmeter” компани саяхан явуулсан санал асуулгын дүнгээ өнөөдөр танилцуулсан байна. Санал асуулгад оролцсон 500 гаруй хүний 71.4 хувь нь “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс эргэлт буцалтгүйгээр бүрэн ангижруулах боломжтой” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан намыг дэмжигчдийн 90 гаруй хувь нь “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах боломжтой” гэсэн бол тус улсын гол сөрөг хүчин “Эрх чөлөөт Солонгос” намын дэмжигчдийн талаас илүү хувь нь “Тийм юм болохгүй” гэжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт түүхэн дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахаар тохиролцсон билээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ