Умард Солонгос Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-30 09:11:18
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай хэзээ ч хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд илэрхийлсэн  тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.

Мүн Жэ Ин өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай утсаар холбогдон өнгөрсөн баасан гарагт Умард Солонгосын удирдагч Кимтэй хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа талаар ярьсан байна.

Мүн Жэ Ин хэлэхдээ “Японы тал ч Умард Солонгостой хэлэлцээ хийхэд бэлэн байгааг би Умард Солонгосын удирдагч Кимд уламжилсан. Япон болон Умард Солонгосын аль аль нь хэлэлцээ хийхэд бэлэн байгаа учир хоёр тал түүхэн асуудлуудаа шийдвэрлэж, харилцаагаа хэвийн болгох найдвар байна гэж би харж байна” гээд, Япон болон Умард Солонгосыг холбох “гүүр” болоход хэзээд бэлэн буйгаа илэрхийлжээ.

Олон арван жилийн өмнө Умард Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Умард Солонгосын удирдагчтай дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Мүн Жэ Ин хөндсөн байна. Гэхдээ Умард Солонгосын удирдагч хэрхэн хариулсныг Өмнөд Солонгосын тал мэдэгдсэнгүй.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ