Хөх ордон: Умард Солонгос цөмийн туршилтын талбайгаа бүрмөсөн хаана

ДЭЛХИЙД | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-04-29 13:23:51
СӨҮЛ. /Ёнхап/. Цөмийн туршилтын талбайгаа ирэх сард бүрмөсөн хаана гэдгээ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун  мэдэгдсэн гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордон өнөөдөр мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Хөх ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Ён Ян Чань өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ “Цөмийн туршилтын “Пунгери” талбайг бүрмөсөн хаана гэдгээ Ерөнхийлөгч Мүнтэй баасан гарагт дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Умард Солонгосын удирдагч Ким мэдэгдсэн. Мөн тус байгууламжийг хаах үйл явцыг олон улсын шинжээчид болоод хэвлэл мэдээллийнхэнд ил тодоор харуулна гэж Ким хэлсэн” гэжээ.

Умард Солонгосын зүүн хойд нутагт орших “Пунгери” талбайд Пхеньян зургаан цөмийн туршилтыг бүгдийг нь хийж байсан юм.

Өнгөрсөн баасан гарагт Мүн, Ким нар хоёр Солонгосын түүхэн дэх гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт хийсэн билээ. Энэ уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахаар тохиролцсон юм.
Г.Доржханд

Холбоотой мэдээ