ИТХ-ын ээлжит хуралдаан зарлагдсан ч төсөв батлах эсэх нь тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-23 17:01:56
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны төсвөө батлаагүйн улмаас аймаг орон нутагт олон хүндрэл тулгарч эхэлсэн. Тиймээс аймгийн орлогч даргаас тавьсан албан шаардлагын дагуу ИТХ-ын ээлжит хуралдаан 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдахаар болжээ. ИТХ төсвөө батлах асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа ч ээлжит хурлаар үүнийг хэлэлцэн шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

“Тавдугаар хуралдааны үргэлжлэлийг энэ сарын 25-ны өдрийн 14 цагаас зарласан. Хурлын товыг бүх төлөөлөгч нарт мэдэгдсэн. Тиймээс намын бүлгүүд төлөөлөгчдөө бүрэн хамруулж асуудлуудаа хэлэлцэх болов уу гэж бодож байна. Өмнөх хуралдаанаар хэлэлцэх асуудлууд батлагдсан. Тэгэхээр энэ удаагийн хуралдаанаар төсөвтэй холбоотой асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэх байх. Хурлаас гарах шийдвэр бол хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал учир хэлэлцэх асуудлаа баталсан дарааллаар хэлэлцээд нэг шийдвэрт хүрэх байх” хэмээн аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга А.Чулуунбат хэлэв.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ