“Korean Air” компанийн ерөнхийлөгч "ууртай" охидоо ажлаас нь чөлөөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-04-23 11:38:31
СӨҮЛ. /Ёнхап/. Эрх мэдлээ хэтрүүлэн бусдад дээрэнгүй хандсан гэх дуулиан шуугианы бай болоод буй хоёр охиноо компаниасаа гаргана гэдгээ Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air” компанийн ерөнхийлөгч мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

“Korean Air” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг бага охин Чо Хюн Минь нь өнгөрсөн сард зар сурталчилгааны агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ “Асуултад хариулсангүй” гэх шалтгаанаар нэгэн ажилтан руу хашгичиж, нүүр рүү нь ус цацсан хэргээр цагдаад шалгагдаж байгаа аж.

“Самрыг зохих ёсны дагуу тавганд хийж авчирч өгсөнгүй” гэх шалтгаанаар онгоцны үйлчлэгч рүү хашгичиж, түүнийг онгоцноос буулгахын тулд онгоцыг Нью-Йоркийн нисэх онгоцны буудал руу буцахыг тушааснаар ууган охин Чо Хюн Ха нь дөрвөн жилийн өмнө дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орж байсан юм. Тэрбээр тухайн үед тус компанийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм.

Эдгээр хэрэгтэй холбогдуулан “Korean Air” компанийн Ерөнхийлөгч Чо Ян Хо өчигдөр мэдэгдэл хийхдээ “Болчимгүй үйлдэл гаргасан охидынхоо өмнөөс би уучлалт гуйж байна. Энэ бүхэн миний буруу. Тэднийг компанийн ажлаас тун удахгүй чөлөөлөхөө мэдэгдэж байна” гэжээ.

Ууган охин Чо Хюн А нь одоогоор “Korean Air” компанийн сүлжээ зочид буудлыг удирдаж байгаа аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ