Төрийн байгууллагын үйлчилгээ, шавар эмчилгээнд стандарт нэвтрүүлэх ажил дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-22 10:30:59
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Стандарттай Өвөрхангай” хөтөлбөр аймгийн ИТХ-ын 2015 оны 38 дугаар тогтоолоор батлагдан дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа ч иргэдэд өдөр тутмын үйлчилгээ үзүүлж байдаг зарим газруудад стандартыг мөрдөж хэвшээгүй байна.
Тухайлбал, дугуй засварын газруудад стандартын үнэлгээ тохиргоо хийгдээгүйгээс машины дугуйг буруу хийлэх тохиолдол гарч байгааг иргэд хэлж байв. Мөн уул уурхай, төрийн байгууллагын үйлчилгээ, рашаан сувиллын шавар эмчилгээнд стандарт нэвтрүүлэх ажил дутагдалтай байна. Төсөв, хөрөнгө хүрдэггүйгээс иргэдэд стандарт мэдээлэл хүргэх, сурталчилах ажил хүртээмж муутай байдаг гэж тус төвийн мэргэжилтнүүд хэллээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Стандартчилал хэмжил зүйн газраас жилд дунджаар 30 нэр төрлийн 340 стандартаар 600 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад стандартын лавлагаа болон борлуулалт хийж үйлчилдэг байна. Мөн иргэдэд стандартын тухай мэдлэг, ойлголт өгөх, үйлчилгээний газруудын чанарыг сайжруулах зорилгоор төр, төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, хяналт шалгалтыг зохион байгуулж, 54 иргэн, аж ахуйн нэгжийн 13 нэр төрлийн 197 бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ хийн гэрчилгээ олгожээ. Эдгээр нь гурил, мах, сүү цагаан идээ, модон бүтээгдэхүүн эрхлэгч аж ахуйн нэгжүүд байгаа юм.
Хөтөлбөр 2020 он хүртэл үргэлжилнэ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ