Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Налайхын цэргийн ангиудын ажилтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-18 15:22:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 14-нд Налайхын хүрээний цэргийн ангиудад ажиллаж, санхүүжилтээс үүдэн царцсан “Ахлагч” хотхоны явц байдалтай танилцлаа.
Сайдтай хамт Зэвсэгт хүчний жанжин штаб/ЗХЖШ/-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болоод түүний зөвлөх Х.Бүрэнтогтох нар ажилласан бөгөөд ЗХЖШ-ын Арын удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр нар өөрсдийн хариуцсан анги дээрээ угтан авч, нэмэлт мэдээллээр хангав.
Зэвсэгт хүчний 353 дугаар ангийнхан зэвсэг хэрэгслээ дэлгээд хугацаа хэтэрсэн, шинэчлэх шаардлагатай цөөнгүй техник буйг дуулгаад ололт амжилттай олон бүтээлч ажлаа ч онцоллоо. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан инженерийн цэргүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний зам, бүтээн байгуулалтад хэрхэн оролцдог, манай алба хаагчид хугацаат цэргийн албаны ор, хөнжил, дэвсгэр давууг хийх боломжтой гээд цаашид “Соёлын төв”, “Цэргийн гал тогоо”-гоо яаралтай шинэчлэх шаардлага тулгарч буйг дуулгав.
Харин Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн эмнэлэг, “Соёл спортын төв”, ахлагчийн байр, гал тогоотой танилцсан юм. Сайд Н.Энхболд хэдхэн жилийн өмнө тулгын чулуугаа тавьж, монгол гэрт штабаа байгуулж байсан энэ ангид бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж, Зэвсэгт хүчний жишиг болохуйц анги болон өргөжсөн байна гэв. Төгсгөлд нь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн зарим зэвсэг техниктэй танилцаж, агаарын орон зайн хяналт болоод агаарын цэргийн хөгжлийн талаар ярилцсан юм. БХЯ, ЗХЖШ-аас бодлогын хүрээнд агаарын цэргийг хөгжүүлэх, зэвсэг техникийг шат дараатай шинэчлэхэд гол анхаарлаа хандуулж байгааг ч илэрхийлэв. Мөн энэ өдөр дэд бүтцээс шалтгаалан царцаад буй “Ахлагч” хотхоны газар, явц байдалтай нь танилцсан юм. ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөрийн тайлбарлаж буйгаар Баянзүрхийн товчооноос зүүн тийш 3.5 км зайд барих “Ахлагч” хороололд 600 айлын таван давхар орон сууц, 16 айлын хоёр давхар амины орон сууц, хүүхдийн цэцэрлэг, спорт цогцолбор, 400 машины авто зогсоол, нийтийн эзэмшлийн талбай багтахаар төлөвлөжээ. Гэвч дэд бүтцийн асуудлаас болж барилгын ажил гацаад байгаа гэнэ. Иймд дэд бүтцэд шаардагдах хөрөнгө мөнгийг БХЯ-наас шийдээд өгвөл барилга барих компани нь хөнгөлөлттэй, уян хатан нөхцлөөр богино хугацаанд ашиглалтад оруулах боломжтой гэдгийг сайдад  дуулгалаа. 
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ