Хачгаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх нь халдвараас сэргийлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг нь 2017 онд хачигт боррелиоз, хачигт риккетсиоз хүний өвчлөлөөр улсын дунджаас дээгүүр байгаа. Тиймээс хачигт халдвараас хэрхэн яаж урьдчилан сэргийлэх тухай тодруулга мэдээллийг Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваагаас авлаа.
-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Зоонозын өвчин судлалын төв нь яг ямар үйл ажиллагааг явуулдаг байгууллага юм бол?
-Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь байгалийн голомтот, зоонозын өвчнийг тандах, хянах, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг судалгаа, нотолгоонд тулгуурлан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, халдварын эрсдэлийг багасган, хүн амын өвчлөл эндэгдлийг бууруулах зорилготой. Аймгийн хэмжээнд байгалийн голомтот халдварт өвчин болон олон улсын хөл хориот өвчнүүд, шинэ сэргэн тархаж буй халдварт өвчний нийгэм биологийн хүчин зүйлийг судлах, амьтдын эпизоотын төлөв байдал өвчний эх уурхайг тогтоох, халдварын идэвхийг бууруулах, урьдчилах сэргийлэх, лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүний өвчлөлийн тохиолдол, дэгдэлтийн үед эрт сэрэмжлүүлэх арга хэмжээг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага юм.
-Өнөөдөр танай байгууллагаас хачигт халдварын талаарх мэдээллийг байгууллагын дарга нарын шуурхай дээр сэрэмжлүүлэг болгож мэдээллээ. Тэгэхлээр хачигт халдвар гэж чухам юу юм бэ. Дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Хачигт халдвар гэдэг нь хачгаар дамжин халдварлаж, ихэвчлэн халуурал, хордлого, мэдрэлийн системийн гэмтлээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Энэ өвчин нь дам халдварын зам буюу хачигт хазуулах хачгийг няцлахдаа халдвар авч хүн өвчилдөг хоол хүнсний зам буюу халдварласан болон өвчилсөн малын, ялангуяа ямааны түүхий сүү сүүн бүтээгдэхүүнээр дамждаг. Хачигт халдварын дараах гурван тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэн байдаг. Нэгдүгээрт хачигт энцефалит, хоёрдугаарт хачигт боррелиоз, гуравдугаарт хачигт риккетсиоз гэсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна. Тухайлбал D.nuttalli, D.silvarum зүйлийн хачигнууд хачигт халдварын үүсгэгчийг дамжуулж байна.
-Тэгэхээр манай аймгийн тухайд хачигт халдварын эрсдэл ямар түвшинд байна вэ?
-Манай аймгийн тухайд өнгөрсөн 2017 онд хачигт боррелиоз, хачигт риккетсиоз хүний өвчлөлөөр улсын дунджаас дээгүүр байгаа нь хачигт халдварын эрсдэл өндөр байгааг илтгэж байна. Хачигт дамжих халдварын хүний өвчлөлөөр Сэлэнгэ аймаг улсад тэргүүлдэг бол манай аймаг хоёрдугаарт явж байна. 2016 онд манай аймагт хачиганд хазуулсан хүний тоо 29 байсан бол 2017 онд 148 болж өссөн дүнтэй байна. Өнөөдрийн байдлаар манай аймгийн 13 суманд хачигт халдварын идэвхитэй голомттой байгаа. Энэ жил манай байгууллагаас зургаан суманд буюу Алдархаан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг сумдад хачигт халдварын байгалийн голомтын тандал шинжилгээг хийхээр төлөвлөөд байгаа. Бид ЭМСайдын 2017 оны 4-р сарын 21 ны өдрөөс мөрдөгдөж буй А/160 тоот тушаал “Хачгаар дамжих халдварт өвчний хяналт сэргийлэлтийн заавар”, ЭМСайдын 2017 оны 161 тоот тушаал “Зоонозын халдварт өвчний үед ажиллах халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагааны дэглэмийн заавар”, ЗӨСҮТөвийн захирлын 2018 оны 02-р сарын 26 –ны өдрийн А/10 тоот тушаал ”Хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын тандалт судалгааны заавар”-ын дагуу тус тус судалгаа тандалтыг зохион байгуулж байна. Судалгаа хийгдсэний дараа голомттой бол урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах талын мэргэжлийн зөвлөгөөг өгч иргэдэд сурталчлах ажлыг эрчимжүүлнэ.
-Манай аймгийн нутаг дэвсгэрт тохиолддог хачиг хэдэн төрлийн хачиг байна вэ? Хачиг гэж чухам ямар амьтан юм бол?
-Манай аймгийн нутаг дэвсгэрт тохиолдож байгаа хачиг нь бэлчээрийн төрлийн буюу dermacentor төрлийн хоёр зүйлийн хачиг байна. Бэлчээрийн хачиг нь хүн, мал, амьтанд бабезиоз (хачгийн халуун), хачигт риккетсиоз, ку чичрэг, анаплазмоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг өвчнийг дамжуулдаг. Хачиг нь маш хүчирхэг амны аппараттай байдаг. Хачиг хошуугаа хүн, малын арьсанд шигтгэн шүлс ялгаруулах бөгөөд шүлс нь шархан дотор хатуулаг биет үүсгэн бат бэхлэгддэг тул шигдсэн хачгийг шууд татаж авахад маш хэцүү байдаг. Хачиг цусыг сорохдоо дархлааны эсрэг үйлчилгээтэй бодисууд мөн цус бүлэгнүүлдэггүй тусгай бодис ялгаруулдаг нь өөртөө цус сорох таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Хачгийн хөгжлийн мөчлөг нь өндөг (egg), авгалдай (larva), хүүхэлдэй (nymph), бие гүйцсэн (adult) хачиг гэсэн дөрвөн үе шатыг дамжин явагддаг. Эм хачиг цус сорж хооллодог бол эр хачиг ихэнхдээ ургамлын шүүсээр хооллодог ба амьдралынхаа турш бага хэмжээний цус сордог онцлогтой. Харин өлөн хачиг нь цус сорохоос өмнө уртавтар, хавчиг жижиг байдаг ба цус сорсон эмэгчин хачгийн биеийн хэмжээ нь 3-4 дахин томорч хувалз болдог. Нэг эмэгчин хачиг (хувалз) 3-15 мянган өндөг гаргадаг. Тиймээс өсөлт тархац нь түргэн байдаг.
-Хэрвээ хачигт хазуулсан бол яах вэ?
-Хачигт хазуулсан тохиолдолд тэр хэсгийг гурваас таван хувийн иод эсвэл 76 хувийн спиртийн уусмал хөвөнд шингээн хоёроос гурван удаа арчиж, нэгээс хоёр минут хүлээгээд хямсаа болон утас ашиглан хачигны хошууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авна. Хачиг хазсан хэсэгт хөвөнд шингээсэн нэг хувийн повидон иодын уусмал, 76 хувийн спиртын уусмалаар цэвэр боолт хийнэ. Ингэснээр хачигт халдвараас сэргийлдэг.
-Хачгаар дамждаг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ?
-Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачгаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх юм. Мөн хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх нь зүйтэй. Ой, хээр, малд явахдаа өөртөө болон өөр хоорондоо үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях хэрэгтэй. Түүнчлэн үргээгч бэлдмэл хэрэглэх. Тухайлбал түрхлэг, тос, аэрозоль гэх мэтийг хэрэглэх хэрэгтэй юм. Голомттой газарт явахдаа мал, амьтны түүхий сүү, цус, махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь мөн зүйтэй. Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудад явахдаа тод өнгөтэй хамгаалах хувцас өмсөх, хачигтай бүсэд ажиллаж байгаа тохиолдолд гурваас дөрвөн цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах хэрэгтэй Аль болох хазуулахгүй, хазуулсан тохиолдолд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Цаашилбал мэргэжлийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй юм.
Танд баярлалаа.
Б.Мягмарсүрэн