Хятад улс АНУ-аас импортолж буй бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2018-04-02 07:59:18
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улс АНУ-аас импортолж буй 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд даваа гарагаас буюу өнөөдрөөс эхлэн гаалийн тариф ногдуулах шийдвэр гаргалаа. Энэ тухай Хятад улсын Сангийн яам мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
 
Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, Хятадын Төрийн Зөвлөлийн Гаалийн тарифын комисс АНУ-аас импортолж буй 120 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, тухайлбал жимс жимсгэнэд 15 хувь, найман төрлийн бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн тариф ногдуулахаар шийдсэн байна.

Дэлхий дахин эсэргүүцсээр байсан хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улс орон, тэдгээрийн дотор Хятадаас импортолж буй ган болон хөнгөн цагаанд 10 ба 25 хувийн  гаалийн тариф ногдуулах шийдвэрийг саяхан гаргасантай холбогдуулан Хятад улс хариу арга хэмжээ авч байгаа нь энэ аж.
 
Хятадын Сангийн яам мэдэгдэхдээ “Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг зөрчсөн арга хэмжээгээ АНУ өнгөрөгч сарын 23-наас хэрэгжүүлж эхэлсэн. АНУ-ын бодлогогүй үйлдэл нь Хятадын болоод бусад улсын ашиг сонирхолд ихээхэн сөргөөр нөлөөлж байна. Тиймээс манай улс үндэсний ашиг сонирхлоо хамгаалахын тулд адил хариу арга хэмжээ авч байна” гэжээ.

Хятадын энэ шийдвэрийн улмаас АНУ 3 тэрбум долларын импортын алдагдал амсаж болзошгүй гэж эдийн засагчид үзэж байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ