БН Чех Улс руу ажилчин гаргах санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-02 01:12:09
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Бүгд Найрамдах Чех Улсын “Оспро продакшин” ХХК-ийн захирал Сватоплук Чех нар тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажилчин гаргах тухай  “Санамж бичиг” байгууллаа.
“Оспро продакшин” ХХК нь Монгол Улсаас 1000 ажилчин авах бөгөөд үүний тодорхой хувийг Орхон аймгаас авах гэнэ. Ингэхдээ байр, хоол, нийгмийн хангамжийг Чехийн талаас харин ирж, очих онгоцны зардал, хэлний мэдлэг дээшлүүлэх, сургалтыг тухайн иргэн гаргах ёстой ажээ. Ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12200 крон  буюу энэ нь монгол төгрөгөөр 1.400.000 орчим юм.
“Санамж бичиг”-ийн хугацаа таван жил. Шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлтүүд хийх аж. “Оспро продакшин” ХХК нь Чех Улсын бизнес эрхлэгч байгууллага бөгөөд ажилд зуучлах, үйлдвэрлэл, ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. Ажилчин авахдаа мэргэжил харгалзахгүй, тухайн хүний сонирхсон ажилд нь зуучлах давуу талтай гэнэ. 
Бүртгэл болон хэдэн ажилчин авах талаар хоёр тал дахин хэлэлцэх ажээ.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал худалдаа, оюутан солилцоо, туршлага судлах зэрэг олон салбар, хүрээнд ажиллана.
Б.Оюун-Эрдэнэ
 

Холбоотой мэдээ