Аймгийн аваргуудын шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-17 12:02:50
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмидаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 13-ны өдөр аймгийн аварга малчдын шагналыг гардуулахаар өглөөний  06 цагт Цэцэрлэг хотоос Хангай сум руу  хөдөллөө.  Гадаа тэнгэр цэлмэг, одод гялтганан өвлийн адаг сарын шинийн 27–ны сар хээр хоносон харагдана. Ихтамир сум өнгөрөөд Чулуут cумын нутагт явах үед үүр цайж, орчин тойрны зүйлс тодрон харагдах энэ мөчид Чулуутын голын хавцал, уул усны сүрдэм сайхныг нь бишрэн явлаа. Хаа сайгүй л цас... Удалгүй тэнгэр бүүдийн хүйтэн салхи үлээж замын хажуугийн цас хар зам дээгүүр цагаан зам татуулан долгиотно.  Тэрхийн цагаан нуур өнгөрөөд тав таван минутын зайтай салхины эрч чангарч, цасаар шуурч,  үзэгдэх орчин хязгаарлагдлаа.

Ер нь Чулуут, Тариатын нутгаар цас ихтэй харагдана. Малчдын хэдэн мал хэцүүдэж байгаа юм байна даа гэсэн бодол зурсийв. Чулуутын гүүрний наанаас  зүүн гар даган салж, шороон зам руу орлоо. Цас их хатуу, зузаан, машины мөр шуурганд дарагдан бүдгэрчээ. Зам зуурт нойр хүрэхгүй машины цонхоор гадагш ширтэн явахад Хангай сумын Арбаясгалант багийн төвийн архан талд голын мөсөн дээр хэдэн сарлагийн үхэр бөөгнөрөн цасанд дарагдсан харагдана. Сумын төв дөхөх тусам мал байтугай машин явахад ч хүндрэлтэй хэд хэдэн хунгар тааралдав. Ингэж явсаар сумын төв рүү орлоо. Сумын ЗДТГ-ын гадна Засаг дарга, хурлын дарга, хурлын нарийн бичгийн дарга нар биднийг тосон авахад цасаар шуурсан хэвээр... Бид сумын 90-ээс дээш настай ахмадын бэлгийг хүлээлгэж өгөөд сумын удирдлагууд биднийг хөтлөн Хангай сумын Чандмань багийн Бургастайд өвөлжиж байгаа аймгийн аварга малчин Ж.Бат-Эрдэнийнх  рүү  хөдөллөө.



Зам дагуу цас ихтэй, шуурга шуурч 10 метрийн урд яваа машины мөр шуурганд даруй дарагдан харагдахгүй байв. Машин дотор яриа өрнөж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Я.Баяраа “Энэ цас он гараад 1 сарын 1-нээс бага багаар орсоор байгаад ихэнх газар зудын байдалд хүрсэн. Ойрноос харин шуураад энд тэнд хар толгой харагддаг боллоо. Мал бэлчээрт гарах хэцүү. Уулын энгэр хэсгээр цасгүй хар газраа бараадан идэш хайж байна. Тэнд нь тэгээр хад чулуутай, идэх өвс бага” гэв. Ингэж хуучилж явсаар аварга малчны хотонд ирлээ. Тус хотонд 4 айл өвөлждөг бөгөөд биднийг очиход мал нь бэлчээртээ гарч байгаатай таарсан юм. Чандмань багаас улсын аварга 1, аймгийн аварга 6 төрсний 7 дахь нь Жигжиддоржийн Бат-Эрдэнэ юм. Тэрээр анх хувьчлалаас 7 тугал 28 бог авч, мал маллаж эхэлсэн ба 30 жилийн хөдөлмөрөө төр засгаараа үнэлүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэн баярын нулимс унаган хэлж байлаа.  Ингээд бид 11 цагийн үед дараагийн аймгийн аварга малчны шагналыг гардуулахаар Арбясгалант баг руу хөдөллөө.  Тус баг нь бод, бог нийлсэн 19750 малтай, 479 хүн амтай ажээ. Аймгийн аварга малчин Жавзангийн Баасанбаяр нь 2015 оноос 800 гаран толгой мал тоолуулж, сум орон нутагтаа ажилч хичээнгүй айлуудын тоонд ордог байна. Эднийх хотондоо ах дүү 3 өрхөөрөө өвөлжиж байна. Аваргын хотноос хөдлөхөд салхи тогтон шуурга намдсан байлаа. Эндээсээ Хангай сумын Ноёнхангай багийн Хөхдаваанд өвөлжөх дараагийн аварга малчин болох Цэндээхүүгийн Мөнхбаатарынхыг зорив. Ноёнхангай багаас аймгийн 4 аварга малчин төрснөөс 4 дөх нь  Цэндээхүүгийн Мөнхбаатар юм. Түүний хувьд 2015 онд сумын аварга малчин болж байжээ.

Гадаа тогтуун, мал сүрэг нь хотондоо, хотол олноороо аварга малчныхаа гавьяаг тэмдэглэн найр эд дундаа орох үед зорьж ирсэн бид сумын төв рүү хүлгийн жолоо заллаа.

Багаас баг руу явах зам зуур битүү цас, хаа нэг хадан хясаа, уулын энгэр бэл газар бор шороо үзэгдэнэ. Цаг уурчны хэлж байгаагаар жалга газартаа 40-50 см, талдаа 15-35 см цастай байгааг хэлж байлаа. Малчид өвс тэжээлийн дутагдалтай, энд тэндээс цуглуулсан тэжээл өвсөөрөө бага малаа бордож байгаа хэлж байлаа.



Сумын төвд ирэхэд 80:20 цаг болж цаг оройтсон, зам даваа хүнд байгаа учир Баян-Улаан багаас тодорсон аймгийн аварга малчин Самдангийн Очирхуягийн батламж, тэмдгийг сумын Засаг дарга болон хурлын дарга нарт хүлээлгэн өглөө. Ингээд бид 2017 оны 12 сард ашиглалтад орсон И.Атарсайхан захиралтай шинэ барилгатай сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Ашиглалтад ороод 2 сар болж байгаа гэхэд төвийн сургуулиас ч илүү тохижилт үйлчилгээтэй, үйл ажиллагаа нь жигдэрсэн сурагчид болон ажиллагсдын сурч, ажиллах таатай орчин бүрдсэн, шинэлэг орчин биднийг угтлаа. Эндээ бид түр саатан ширээний теннис тоглон замын ядаргаагаа тайлж, хэсэг удав.  

Энэ жил Хангай суманд газрын гарц муу гарч өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Хангай сумын Засаг дарга Д.Өрнөхбаяр Баянхонгор аймгийн хил залгаа сумуудтай гэрээ байгуулан 5000  бод, 4000 бог мал өвөлжүүлэхээр болсон байна. Гэрээний дагуу 30 гаруй өрхийн 16,000 мал хил залгаа аймаг болон Хангай сумын Тэрх, Гичгэнэ багуудад их оторт гарч ээ.

Ингээд ажлын хэсгийнхэн цастай, хүйтэнд туугдан Хангай сумын улсын аварга малчдад шагналыг өгөнгөө өвөлжилтийн нөхцөл байдлын талаар малчидтай санал солилцоод ирсэн юм.
 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ