Хархорин суманд 31 жилийн дараа гурван аварга төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-02-14 14:21:34
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сум энэ жил гурав дахь удаагаа “Улсын аварга малчин”-тай болж, хотол олноороо баярлаж байна. 2014 онд 31 жилийн дараа Шанх багийн малчин П.Отгонсүх сумандаа ардчилсан нийгмийн анхны улсын аварга болж байсан бол 2016 онд 6 дугаар багийн малчин Э.Бямбасүрэн шалгарч байв. Харин энэ жил 4 дүгээр багийн малчин Г.Мэндбаяр улсын аварга малчны 10 гаруй үзүүлэлтийг хангаж, энэ эрхэм хүндтэй цолыг авлаа. 
2 дугаар сарын 12-нд цаг агаар тайван тогтуун, дагтаршсан цас захаасаа хайлан шар усны үнэр хамар цоргисон урин дулаан өдөр аваргын шагналыг гал голомтонд нь гардуулахаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, сумын Засаг дарга Л.Энхбат зэрэг албаны хүмүүс сумын төвөөс хойш 20 орчим км-т өвөлжиж буй хот айлыг зорилоо. Г.Мэндбаяр нутгийн бүсгүй Г.Бадамхандтай 1984 онд гэр бүл болон 250 толгой малтай тусдаа гарч байсан бол 30 жилийн хамтын хөдөлмөрөөр 2012 оноос хойш мал сүргээ  жил дараалан мянга давуулж, 2017 оны эцсээр 1565 толгой мал тоолуулжээ. Түүний ажилсаг хөдөлмөрч байдлыг төр засгаас үнэлж, 2007 онд “Тэргүүний залуу малчин”, 2008 онд “Аймгийн алдарт уяач”, 2009 онд “Сумын сайн малчин”,  сумын “Мянгат малчин”, 2011 онд ХХААЯ-ны Тэргүүний ажилтан, 2012 онд “Аймгийн сайн малчин” цол хэргэмээр шагнан урамшуулж байв.
Г.Мэндбаяр удам дамжсан мал сүргээ уламжлалт арга ухаанаар өсгөн үржүүлэхийн зэрэгцээ нийгмийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, сум байгууллагын ойн баяр, сайн үйлсийн аянд мал болоод мөнгөн хандивыг жил тутамд өгч ирсэн өгөөмөр нэгэн юм. Мөн 2009 оноос залуу малчдыг туслахаар ажиллуулж, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлж байна.
 
 “Улсын аварга малчин” Г.Мэндбаяр:

- Төр засгаас эрхэм хүндтэй цол шагнал авч байгаад тань баяр хүргэе?
- Баярлалаа. Төр, түмний маань л буян хишиг юм. Сайхан нутаг, сайн ах дүү, нутгийн зон олон, хүн бүхний дэмжлэг, туслалцаагаар энэ амжилтанд хүрч байна. Малчин бид чинь биенээсээ малаа асууж сураглах нь ажлаа л хийж яваа нь гэж би ойлгодог. Цаашид төрийн буянг тогтоох, улам эрч хүчтэй хөдөлмөрлөх хүсэл, эрмэлзлэлтэй байна даа.
- Та мал маллах арга туршлагаасаа хуваалцахгүй юу. Өвлийн цас зудтай улиралд малаа онд мэнд оруулахын тулд малчин хүн яаж ажиллах ёстой вэ?
- Би малыг эрт таргалуулах, сайн баранклахыг /нядалж борлуулах/ голчилдог хүн. Нэг жилд 500-700 төл авдаг. Хоёр жил болоод 500 орчим малыг эргэлтэнд оруулдаг. Нөхөн үржихүйгээ авч үлдээд эдийн засгийн эргэлтэнд оруулж байх хэрэгтэй. Учир нь нэгт бэлчээрийн даацаа сайн анхаарч, зохицуулах, хоёрт эр үхрийг  таван жил тэжээх нь дээр үү, нядлаад мөнгийг нь таван жил өсгөх нь зөв үү гэх ухаан малчин хүн бүрт байх ёстой болов уу. Үүний зэрэгцээ жаврын малыг жаварт нь дасгах аргыг баримталдаг, иймэрхүү журмаар л малыг малладаг хүн дээ.
- Энэ жилийн өвөлжилт, цаг агаарын байдал хэр байв?
- Цастай нь цастай л байна. Гэхдээ малд идэх юм нь арвин бол бололцооны л өвөл. Идэх юм нь бага болохоор мал тамирдах, доройтох тал руугаа орж эхлэх нь. Хаа газрын малчин түмэн ингэж л хэлэх байх. Бүх нутгаар ижил байгаа сурагтай.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Намрын чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллаж, ард иргэдийнхээ өвөлжилтийн байдалтай танилцан аварга малчдадаа шагналыг гардуулаад явж байна. Өвөрхангай аймаг мал сүргээрээ энэ жил улсад дахин тэргүүлсэн учир аварууд ч олноор төрлөө. Хангайн сумдад отор нүүдэл ихтэй, өвөлжилт амаргүй байгаа. Улсын онцгой комиссоос шийдвэр гарч, Өвөрхангай аймагт 870 гаруй тонн өвсийг үнэгүй, 840 гаруй тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгосон. Мөн МУЗН болон бусад малчдадаа туслах хөдөлгөөний хүрээнд бид хоёр ч удаа тусламжийн тэжээл, өвсийг авчирч гардуулсан. Хавар хүртэл нэлээн урт сунгаа болж магадгүй гэж малчин түмэн ярьж байна. Мөн хэд хэдэн зүйлийг онцолж хэлж байгаа. “Малын бэлчээр хамгаалах хуультай болгож өгөөч, малын тооноос илүү чанаржуулахад анхаараач, бэлчээр усаа хамгаалж байгаа малчдыг дэмжиж өгөөч” гэх зэргээр санал хүсэлтээ илэрхийлж байна.

Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат: Хархорин сум газар тариалангийн бүс нутгаа мал аж ахуйтай зохицуулж хөгжүүлэх чиглэлээр бодлого барин ажиллаж байна. Малын тоо толгой өнгөрсөн жилээс 6,6 хувиар өссөн дүнтэй байгаа ч өвөлжилт хүнд байна. Хөдөөний таван багийн гурав нь зудын байдалд байгаа. Зун гандуу байсан, намар 11 сард бороо орж, дараа нь цас орсноос шалтгаалан малын бэлчээр хөлдөж, зуд үүсэхэд нөлөөллөө. Өөрийн болон Дундговь аймагт 200 гаруй малчин оторлож, түрүүчээсээ буцаж ирж байна. Отрын малчдын өвөлжөө, хаваржаандаа буухад нь машин техникээр тусалж, зам гаргаж өгч байгаа. Бид гурав дахь “Улсын аварга малчин”-даа шагналыг нь гардуулахаар ирээд байна. Малын үүлдэр угсааг сайжруулах, эргэлтэнд оруулах, иргэдийг малжуулах чиглэлээр санаачилгатай ажилладаг төдийгүй сургуулийн дотуур байр, цэцэрлэгүүдэд хөрөнгө оруулалт хийдэг, багийн хурал дээр арга туршлагаа хуваалан залуу малчдаа дэмждэг манай шилдэг малчин маань улсын аварга болж байгаад баяртай байна.
Сурвалжилсан Б.Батчимэг
Холбоотой мэдээ