Венесуэлд цэргийн эргэлт гарч магадгүй гэв

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-02 15:43:47
ВАШИНГТОН. /Би-Би-Си/. Венесуэлд цэргийн эргэлт гарч магадгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгджээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Р.Тиллерсон өчигдөр Латин Америкийн улс орнууд руу айлчлалаар мордохынхоо өмнө Техасын их сургуульд болсон нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ “АНУ Венесуэлийн асуудалд хөндлөнгөөс огт оролцоогүй. Тус улсын эсрэг ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Латин Америкийн түүхээс харвал, тус бүс нутгийн улс орнуудын армийнхан ноцтой хямралын үед цэргийн эргэлт хийж байсан тохиолдол цөөнгүй байна. Венесуэлийн армийнхан ч цэргийн эргэлт хийхгүй гэх газаргүй” гэж ярьжээ.

Р.Тиллерсон цааш нь ярихдаа “Хэрвээ цэргийн эргэлт гарвал Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро  Кубаас орогнол хүсэж магадгүй юм” гэж хошигносон байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мексик, Перу, Колумби болон Ямайкт долоо хоногийн айлчлал хийхээр өчигдөр мордсон аж.

Дээрх мэдэгдэлтэй нь холбогдуулан түүнийг Венесуэлийн Гадаад харилцааны сайд Хорхе Арреаза шүүмжлээд, АНУ-ын эсрэг нэгдэхийг Латин Америкийн улс орнуудад уриалжээ. Х.Арреаза хэлэхдээ “Империализм бол бидний дайсан. Д.Трамп Мексик улс руу халдсан шигээ Венесуэл болон Латин Америкийн улс орнууд руу халдаж байна. Империализм юуг ч хүндэтгэдэггүй” гэжээ.

Венесуэл нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үүний дотор эм тарианы хомсдолд орж, инфляц нь 700 хувиас даваад байгаа билээ. Тус улс ингэж эдийн засгийн гүн хямралд орох болсонд АНУ тэргүүтэй империалистууд буруутай гэж Н.Мадуро үзэж байгаа юм.

Энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Венесуэлд ерөнхийлөгчийн сонгууль болно. Н.Мадуро энэ сонгуульд ялан Венесуэлийг дахин зургаан жил удирдахыг эрмэлзэж байна.
 

Г.Доржханд
Холбоотой мэдээ