АНУ "Хамас" бүлэглэлийн толгойлогчийг террористуудын жагсаалтад оруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-01 13:55:47
ВАШИНГТОН. /АП/. АНУ Палестины “Хамас” бүлэглэлийн толгойлогч Исмаил Хания-г террористуудын жагсаалтад нэмлээ гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

И.Хания нь Иерусалим хотын статустай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эрс шүүмжилсээр байгаа нэгэн юм.

АНУ-ын Төрийн департаментаас лхагва гарагт буюу өчигдөр гаргасан мэдэгдэлд “И.Хания бол “Хамас” бүлэглэлийн цэргийн жигүүртэй их ойр дотно холбоотой этгээд. Израилийн иргэдийн эсрэг террорист халдлага үйлдэхэд энэ этгээд гар бие оролцсоор ирсэн” гэжээ. Террористуудын жагсаалд оруулсан гэдэг нь  АНУ дахь түүний эзэмшлийн бүх данс, хөрөнгийг битүүмжилж, Америкийн бизнес эрхлэгчид болоод банк санхүүгийн байгууллагуудтай ямар нэгэн байдлаар харилцаж холбогдохыг нь бүрэн хориглосон гэсэн үг юм.
 
Өнгөрсөн оны сүүлчээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иерусалимыг “Израилийн нийслэл"-ээр зарласантай холбогдуулан И.Хания мэдэгдэл хийхдээ “Д.Трамп ийм шийдвэр гаргасан нь палестинчуудын эсрэг дайн зарласантай адил хэрэг” гэж хэлээд, Израилийн эсрэг шинээр бослого дэгдээхийг палестинчуудад уриалж байв. 
 
“Хамас” бүлэглэл нь Газын зурвасыг хяналтдаа байлгадаг юм.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ