Манай хөлбөмбөгчдөд FIFA-гийн чансаагаа ахиулах боломж гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ирэх гуравдугаар сард албан ёсны нөхөрсөг тоглолтод оролцохоор болжээ.
Манай шигшээ баг Куала-Лумпур хотноо 2018 оны гуравдугаар сарын 22-нд талбайн эзэн Малайзын шигшээ багтай тоглох бол 27-нд Маврикийн (Mauritius) шигшээ багийг Улаанбаатар хотноо хүлээн авна. Уг тоглолт Монгол Улсад болж буй FIFA-гийн албан ёсны анхны нөхөрсөг тоглолт /FIFA Tier 1 Friendly Match/ юм.
Монгол Улсын үндэсний шигшээ баг одоогоор FIFA-гийн чансааны 189 дүгээр байрт бичигдэж байна. Харин Малайзын шигшээ баг 175-д, Маврикийн шигшээ баг 157-д эрэмбэлэгдэж байгаа юм. Манай шигшээ баг энэ нөхөрсөг тоглолтод амжилттай тогловол өөрсдийн чансаагаа ахиулах боломжтой.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Герман улсын мэргэжилтэн Майкл Вайсс ойрын ирээдүйд гурван том зорилго тавиад байгаа нь олон улсын туршлага хуримтлуулах, FIFA-гийн чансаагаа улам дээшлүүлж, Зүүн Азийн АШТ-д оролцох юм. Иймд манай тамирчид ирэх сарын 01-20-нд нэгдсэн бэлтгэлд хамрагдана. Мөн хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 20-нд БНХАУ-д бэлтгэл хийх юм. Одоогоор нийт 29 тоглогч Үндэсний шигшээ багийн бэлтгэлд дуудагдсан бөгөөд тэднээс 23 тоглогч нөхөрсөг тоглолтын мэдүүлэгт багтах юм.
Шигшээ багийн бэлтгэлд дуудагдсан 29 тоглогч: Хаалгач: А.Сайханчулуун (Улаанбаатар Сити), Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220), Б.Ариунболд (Эрчим)
Хамгаалагч: Д.Төрбат (Атлетик 220), О.Мөнх-Оргил (Дэрэн), Ц.Энхжаргал (Эрчим), А.Мөнхнасан (Эф Си Улаанбаатар), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), А.Нармандах (Дэрэн), О.Оюунбаатар (Улаанбаатар Сити), Б.Даваажав (Эрчим), М.Алтанхүү (Улаанбаатар Сити)
Хагас хамгаалагч: С.Ганхуяг (Хангарьд), Б.Цэрэнбаяр (Улаанбаатар Сити), Г.Гантогтох (Улаанбаатар Сити), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), Б.Батмөнх (Дэрэн), Ц.Мөнх-Эрдэнэ (Хангарьд), А.Тэмүүжин (Дэрэн), Б.Балжинням (Хоромхон), Ж.Сүндорж (Улаанбаатар Сити), Д.Билгүүн (Дэрэн), М.Төгөлдөр (Эрчим), О.Баяржаргал (Эф Си Улаанбаатар)
Довтлогч: Н.Наранболд (Атлетик 220), П.Энхбилэг (Гоёо Эф Си), М.Жансерик (Дэрэн), Ц.Түмэнжаргал (Улаанбаатар Сити), С.Гал-Эрдэнэ (Эрчим) нарын нэрс багтжээ.
Д.Өлзий