Халамжийн мөнгөө авч чадахгүй байгаа иргэд бухимдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-31 09:48:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт төрөөс сар бүр олгох халамжийн мөнгөө авдаг иргэдийн ихэнх нь хугацаандаа авч чадаагүй байгаа ба өнгөрсөн долоо хоногоос банканд урт дараалал үүсээд байна.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийгмийн халамжийн сангаас эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, өрхийн гишүүдэд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор тэтгэвэр, тэтгэмж олгодог. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 11118 иргэн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг юм байна. Уг үзүүлэлтээрээ улсын хэмжээнд Хөвсгөл аймгийн  дараа 2 дугаарт жагсдаг. Энэ нь хүн амын тоо их байгаатай холбоотой юм. Гэвч халамжийн тэтгэвэр, тэтгэмж хугацаандаа дансанд ордоггүй тул ард иргэд нэг сар гаруй банкинд оочир дараалал үүсгэж  бухимдаж байна.

Энэ талаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн дарга Х.Бауыржанаас тодруулахад: "Нийгмийн халамжийн сангийн эх үүсвэр нь улсын болон орон нутгийн төсвөөс олгох санхүүжилтээс бүрддэг. Тус санд 2018 онд  аймгаас 11,6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч эх үүсвэр нь бүрдэхгүй байгаа. Мөн 2016 онд 400 гаруй сая төгрөг, 2017 онд мөн тэрнээс дутахгүй мөнгө дутсан" хэмээн тайлбарлаж байна.

Халамжийн байгууллага дээрх асуудлыг шийдвэр гаргах эрх бүхий байгууллагуудад уламжилж байгаа бөгөөд санхүүжилт нь хэзээ шийдэгдэж иргэд тэтгэвэр, тэтгэмжээ бүрэн авах эсэх нь хараахан тодорхойгүй байна.       

Ө.Нурболат    
 

Холбоотой мэдээ