Утаа бууруулахад төр- шинжлэх ухаан- хувийн хэвшлийнхэн хүчээ нэгтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-01-29 18:00:50
Улаанбаатар/МОНЦАМЭ/. ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнд болсон "Төр-Шинжлэх ухаан – Хувийн хэвшлийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар утаа бууруулахад дан ганц агаарын бохирдол бус агаарын чанар, агаар дахь тоосонцрын бохирдол,  нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг олон талаас нь авч үзэх нь чухал гэдэгт эрдэмтэд санал нэгдэв.Энэхүү хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ "Агаарын бохирдлыг бууруулахад хүн амын шилжилт хөдөлгөөн, хот төлөвлөлт, эрчим хүчний нөөц, барилгын стандарт, дулаан алдагдал, гэр хороолол дахь ариун цэврийн байгууламж, төрийн бодлогоос гадна шинжлэх ухаан болон хувийн хэвшлийн оролцоог нэгтгэх нь чухал" гэв.
Мөн энэ үеэр Лондон, Бээжин, Токио хотын агаарын бохирдлоо шийдвэрлэсэн туршлага, эрх зүйн зохицуулалтын талаар хийсэн судалгааг танилцуулсан юм.
Хуралд ШУА , БОАЖЯ, БСШУЯ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, МУИС, Ус цаг уур орчны шинжилгээний газар, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ТББ-уудын төлөөлөл бүхий 40 гаруй эрдэмтэн судлаач оролцов.

Эрдэм шинжилгээний бага хурлаас агаарын бохирдлыг бууруулахад төрөөс авч хэрэгжүүлж болох урт, богино, дунд хугацааны бодлого, зөвлөмжийг боловсруулан НЗДТГ, Агаар болон орчны бохирдол хариуцсан төрийн захиргааны  төв байгууллага, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлэх юм байна.  
О.Мөнхжаргал
Холбоотой мэдээ