Баян-Өлгийн сумдад 450 тонн өвс, 400 тонн тэжээл хүлээлгэж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мал тэвээргээ алдахаас өмнө малчдад өвс, тэжээл хүргэхээр шийдвэрлэсэн юм. Үүний дагуу Баян-Өлгий аймагт улсын нөөцөөс 450 тонн өвсийг үнэгүй, 400 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр олгохоор болсныг Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар сумдын удирдлагуудад өчигдөр хүлээлгэж өглөө.
Мөн улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.
Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангийн тайлбарласнаар 2018 он гарснаас хойш аймгийн хэмжээнд 3719 толгой мал зүй бусаар хорогдсон ба 3,514,470 хонин толгой мал өвөлжиж байгаа аж. Түүнчлэн 415,142 толгой эх мал төллөхөөс 17010 хээлтэгч хээл хаяжээ. Одоогоор Толбо, Алтай, Буянт, Бугат, Улаанхус, Цэнгэл, Сагсай, Дэлүүн, Баяннуур, Алтанцөгц сум, Өлгий сумын долдугаар баг, Цагааннуур тосгоны малчдын өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй, Булган, Ногооннуур сумдын өвөлжилт хэвийн байгааг Шадар сайдад дуулгалаа. Мөн хүйтний эрч -300-420 С-т хүрч өвөлжиж байгаа ихэнх хот айлын мал бэлчээрийн хомсдолд орж, уулархаг газарт байгаа малыг нам дор газарт буулган, төл мал болон тарга тэвээрэг муутай малыг байнгын тэжээлд оруулж эхлээд байгааг танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газраас малчдад олгож байгаа үнэгүй өвс, үнэ хямдруулсан тэжээлийг зорилтот бүлэгт түргэн шуурхай хүргэх, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад аймаг, орон нутаг нь тухайн жилийн батлагдсан төсвийн хоёр хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулахаар заасныг хэрэгжүүлэх, оторт байгаа малчдад цаг агаарын мэдээлэл, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллахыг тус тус анхаарууллаа.
Ө.Нурболат