Германы Канцлер асан Г.Шрёдер тав дахь удаагаа гэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2018-01-26 15:14:48
СӨҮЛ. /Ёнхап/. Германы Канцлер асан Герхард Шрёдер Өмнөд Солонгосын орчуулагч Ким Со Ёнтой гэрлэхээр төлөвлөж буйгаа нийтэд зарлажээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, өдгөө 73 настай Г.Шрёдер нь  өөрөөсөө 30 гаруй насаар дүү Ким Со Ён хэмээх Өмнөд Солонгосын герман хэлний орчуулагч бүсгүйтэй энэ намар гэрлэхээр шийдсэн байна. Тэрбээр тав дахь амьдралаа зохиох гэж буй нь энэ юм.

1998-2005 онд Германы Канцлераар ажиллаж байсан Г.Шрёдер өчигдөр Сөүл хотод хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Би Солонгос орныг, солонгосчуудын түүх ба соёлыг илүү их судлахыг хүсэж байна. Мөн солонгос хэлийг илүү сайн сурах болно” гэжээ.

Г.Шрёдер орчуулагч Кимтэй хоёр жилийн өмнө нэгэн олон улсын бага хурлын үеэр танилцаж байсан гэнэ. Тэдний харилцааны талаар Г.Шрёдерын өмнөх эхнэрүүдийн нэг болох Дорис Шрёдер Копф өнгөрсөн онд “Фэйсбүүк” хуудастаа бичиж байсан юм. Үүний дараа, тэд хайр сэтгэлийн холбоотой болнсоо Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд зарлаж байв.

Г.Шрёдер ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болох өвлийн олимпийн XXIII наадмын нээлтийн ёслолд Олон улсын олимпийн хорооны урилгаар оролцох аж.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ