“Save the Children” ТББ-ын Афганистан дахь салбар халдлагад өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАБУЛ. /Ройтерс/. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Save the Children” буюу "Хүүхдийг ивээх сан" олон улсын төрийн бус байгууллагын /ТББ/ Афганистаны зүүн нутгийн Жалалабад хот дахь салбар руу лхагва гарагт буюу өчигдөр зэвсэгт этгээдүүд халдсаны улмаас зургаан хүн амь үрэгдэж, 25 хүн шархаджээ.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Их Британид төвтэй “Save the Children” ТББ-ыг онилсон энэ халдлагыг үйлдсэнээ лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийнхэн мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Афганистаны нийслэл Кабул хот дахь нэгэн зочид буудал руу “Талибан” бүлэглэлийнхэн халдан 22 хүн, тэдний дотор гадаадын 14 иргэнийг хөнөөсөн хэрэг мөн гарсан аж.
Гадаадын иргэд ажиллаж, амьдардаг газруудыг террористууд онилох нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор Афганистаны засгийн газрын хүчнийхэн сонор сэрэмжээ дээшлүүлж, террористуудтай тэмцэх ажиллагаагаа эрчимжүүлж байна.
Г.Доржханд