Ц.Пүрэвхүү: Бид үр хүүхдийнхээ амьсгалах агаараар шантааж хийхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-01-22 15:52:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/."Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо" ТББ-аас энэ сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал зохион байгуулсан. Тэгвэл энэхүү жагсаалаас хойш "Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүг шантааж хийж, 750 гаруй сая төгрөгийг нэр бүхий хүмүүсээс авсан гэх мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар түүнээс тодруулсан юм. 

-“Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо” байгуулж нийгэмд дуу хоолойгоо хүргэсээр нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийсэн ажлаа танилцуулбал?

-Манай байгууллага 2012 оноос үйл ажиллагаа эхэлсэн ч 2017 оны 1 дүгээр сарын 5-нд онд албан ёсоор гэрчилгээ авсан. Түүнээс хойш агаарын бохирдол утааны асуудлаар хэд хэдэн жагсаал зохион байгуулсан. Нийтдээ 6 удаа жагссан байна. Өнгөрсөн жил жагсаал хийсний дараа гэр хорооллоор явж ажиглалт хийлээ. 
Нийслэлийн боловсролын газартай хамтран сургуулийн багш нарт хичээлээ видео хэлбэрээр бэлтгэж өгсөн. Энэ хичээл заах төслийг Тайванийн хүүхдийн сан санхүүжүүлсэн. Монголын эмэгтэйчүүдийн сангийн санхүүжилтээр агаарын бохирдлыг улмаас охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хохирлын хэмжээ, тоо баримтыг нэгтгэсэн нөлөөллийн ажил хийлээ.
Энэ ажлыг хийгээд явж байхад манай улс утаатай, утаагүй байсан ч нийт хүн амд ногдох эмнэлгийн хүртээмж байх ёстой тооноосоо бага. Өвөл утаанаас болж өвдсөн хүүхдүүдэд эмнэлгийн хүртээмж бага байгаагаас үүдэн өвчлөл нэмэгдэх хүндрэх, хатгаа болох гээд маш олон сөрөг нөлөө бий болж буйг тогтоосон.Манай улсад хатгаа өвчнөөр хүүхдүүд нас бардаг. Өндөр хөгжилтэй орнуудад хатгаа өвчнөөр хүүхэд нас бардаггүй. Ийм ойлголт байхаа больсон. Тийм учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийн сангийнхан манай улсад хатгааны вакцин хөнгөлттэй үнээр олгох ажил дээр тусалж байна. Засгийн газрын дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн байгууллага болсон манайх. Хорооны үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Энэ хороо хөтөлбөрөө дахин сайжруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг асуудалд анхаарч ажиллаж байна.

-Өнгөрсөн амралтын өдрөөр утааны эсрэг “хэвтээ” жагсаал хийлээ. Энэ жагсаалын гол агуулга, өгүүлэмж юу байв?

-Хэвтээ жагсаалын санааг Лондонгийн иргэдийн жагсаалаас санаа авсан. Энэ нь ямар жагсаал гэхээр өдөр тутамдаа дугуй унадаг Лондонгийн иргэд нийгмийнхээ хамгийн эко иргэдэд тооцогддог. Эдгээр хүмүүс тээврийн яамныхаа өмнө автомашинаас гарч буй хорт утааг эсэргүүцэж үхсэн мэт хэвтээ жагсаал хийж байсан. Үүнтэй адил бид угаартаж үхэж байна гэсэн санааг агуулсан  учраас хэвтээ жагсаал хийсэн.

-Гэтэл энэ жагсаалын дараа 750 сая төгрөг авсан гэх мэдээлэл тараад байна. Үүнд тайлбар өгөөч? 

-Миний болон манай байгууллагын нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон мэдээ мэдээлэл, нийтлэл нэлээд гарсан. Энэ удаагийн мэдээлэл арай дэндэж байна. Бид үр хүүхдийнхээ ирээдүйн амьсгалах агаараар шантааж хийж мөнгө авахгүй. Манай байгууллагад шалгалт оруулсан ч болно. Иймэрхүү гүтгэлэг мэдээ анх удаа гарч байгаа зүйл биш.

-Өмнө нь бас гүтгэж, худал мэдээлэл цацаж байсан гэсэн үг үү?

-Утааны эсрэг аав ээжүүд нэгдэж анхын жагсаалаа хийж байхад маш олон талаас элдэв дайралт ирж байсан. Бид тухай бүрт нь чимээгүй л байсан. Яагаад гэвэл хэн нэгнээс мөнгө авсан зүйл огт байхгүй учраас тэр.

-Ахиад иймэрхүү дайралт, нэр төрд хардах зүйл гарвал Хариу ямар арга хэмжээ авах вэ?

-Бид тийм ч удаан дуугуй доромжлуулаад суухгүй. Шаардлагатай гэвэл шалгуулж нэр төрөө сэргээлгэх болно.

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ хавар хүртэл яам болон холбогдох байгууллага, төрийн түшээд утааны эсрэг бодит ажил хийхгүй бол “Амь амиа бодоцгооё” гэдэг уриатай хөдөлгөөн өрнүүлье гэж төлөвлөж байна. Дундаж давхаргын иргэд өөрсдөө сайн дураараа хотоос гарахыг уриална. Хотоос зайдуу хаус төсөл боловсруулах санаатай үйл ажиллагаанд иргэдээ уриалахаар төлөвлөж байгаа. Яагаад гэвэл бидний үр хүүхдийн эрүүл мэнд чухал, бид нэг л агаараар амьсгалж байна. Тиймээс бүр болохгүй бол өөр өөрсдөө "Амь амиа бодоцгооё" гэж байгаа юм. Мөн барилгын салбарынхантай хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ