Энэтхэг улс "тэргүүлэгч гүрэн"-ий хувиар хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авах нь

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-22 13:45:40
Бүгд Найрамдах Энэтхэг Улс тусгаар тогтносны 70 жилийн ойд зориулав /Улаанбаатар дахь Энэтхэгийн ЭСЯ/

Энэтхэгийн Ангарагт хийсэн анхны аялал буюу "Мангалян" нь даян дэлхийд нэн чухал үйл явдал болсон бөгөөд гариг хооронд хямдхан, бас итгэлтэйгээр аялах үндсийг тавьсан билээ.
Энэтхэг улс “хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авдаг” орон гэдэг шинэ тутам ойлголт тус улсын өсөн нэмэгдэж байгаа чадавхи, тэргүүлэгч гүрний үүрэг хүлээх өргөжин тэлж буй бэлэн байдлыг илтгэдэг. Олон улс, бүс нутгийн чанартай зөрчлөөс сэргийлж, тэдгээрийг бууруулахад өөрийн нөөцөө дайчилснаар Энэтхэг улс олон улсын дэг журамд хариуцлагатай тоглогчийн үүргээ харуулж байна. Явцуу ашиг сонирхлоосоо хальсан ийм туслалцаа нь хилийн чанадад Энэтхэгийн аядуу зөөлөн нөлөөг үзүүлж, Энэтхэг улсыг эергээр төсөөлөхөд тусална. Эдгээр нь Энэтхэгийн тэлж буй нөлөөллийн хүрээ, хилийн чанадад үйл ажиллагаа явуулах чадварыг давхар илэрхийлдэг.

Олон улсын дэг журам зарим үед ноцтой зөрчилд хүргэдэг үндэстэн хоорондын төрөл бүрийн асуудлуудтай тулгарч байдаг. Энэ нь байгалийн гамшиг, интернэтийн аюулгүй байдал алдагдах, санхүүгийн гэнэтийн хямрал, хор хохирол аль нь ч байсан ихэвчлэн бүс нутаг, дэлхийн хэмжээний үр дагавартай олныг хамарсан байдаг. Энэ үед зөрчлийн үр дагаврыг бууруулж, хурцадмал байдал цаашид нэмэгдэхээс сэргийлэхийн тулд бие даасан улсууд яаралтай арга хэмжээ заавал авах шаардлагатай. Тэргүүлэн орсноор тухайн улсууд тусламж нэн шаардлагатай байгаа жижиг эсвэл чадвар муутай орнуудыг дэмжин олон улсын дэг журамд нийтийн бараа нийлүүлдэг.

Энэтхэгийн эдийн засаг дэвжихийн хэрээр тухайн улс олон улсын дэг журмын үндсэн тоглогчдын нэг болон гарч ирж байна. Хилийн гаднах зөрчилд хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авах байр сууринаас дэмжлэг үзүүлдэг Энэтхэг улсын бололцоо, чадавхийн талаарх хүлээлт байнга өсөн нэмэгдэж байна. Иймээс энэхүү өсөж буй үүргийн талаар Энэхтхэгийн Гадаад хэргийн яамны Нарийн бичгийн дарга Др. С. Жайшанкар хэлэхдээ "Энэтхэгийн гадаад бодлогын хэмжигдэхүүн бол “зөвхөн тэнцвэржүүлэх гүрэн байхаас илүү тэргүүлэгч гүрэн болох эрмэлзэл...(ба) дэлхийн том үүрэг, хариуцлагыг хүлээх бэлэн байдал” гэж тодотгожээ.

“Хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авагч” гэдэг ойлголтыг ерөнхийдөө гамшгийн үеийн хүмүүнлэгийн ажиллагаанд онцлон нилээн явцуу хүрээнд тайлбарладаг ч илүү өргөн тодорхойлолтын дагуу Энэтхэг улс хөрш орнууд болон бусад орнуудын төрөл бүрийн зөрчил, хямралд хариу арга хэмжээ авах замаар энэхүү “дэлхийн үүрэг, хариуцлага”-аа хүлээхдээ хэрхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаагаар илэрхийлж болно. Энэ нь дараах долоон асуудлын хүрээнд тодорхой харагдахуйц байна.

1. Байгалийн гамшиг

Байгалийн хүч Өмнөд Азид уур хилэнгээ тайлахад Энэтхэгийн Засгийн газар, цэргийн хүчин хөрш орнуудынхаа аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 2004 оны цунамигийн дараа Энэтхэг улс Тэнгисийн цэргийн хүчний 14 усан онгоц, 1000 гаруй цэргийн бие бүрэлдэхүүн, хэдэн арван нисдэг тэрэг, нисэх онгоцоо Шри Ланк руу илгээсэн. 2007 онд "Сидр" хар салхины дараа Энэтхэг улс Мяньмар улсад аврах ажиллагаа үзүүлэхийг зөвшөөрсөн цөөн улсын нэг байж, хүнсний яаралтай тусламж үзүүлж байв. 2015 онд Балба улсад 9000 гаруй хүний амийг авч одсон аймшигт газар хөдлөлт болсноос зургаа хүрэхгүй цагийн дотор Энэтхэгийн Агаарын Цэргийн Хүчин Үндэсний Гамшгийн Хариу арга хэмжээ авах Хүчний (ҮГХХ) аврах багийн хамт нисэж очсон. Дараагийн өдрүүдэд нь Энэтхэг улс газар дээр нь тэргүүлэн ажиллаж, 520 тонн бүхий аврах хэрэгсэл, тавь гаруй эмч, Цэргийн инженер болон бусад аврах ажиллагааны багуудыг зөөж 32 удаагийн нислэг үйлдсэн. 2014 онд  хангамжийн ноцтой дутагдалд нэрвэгдсэн 150 мянга гаруй иргэнд ундны цэвэр усаар хангахаар Энэтхэгийн Тэнгисийн цэрэг хамгийн түрүүнд Мальдивт очиж байжээ. Саяхны "Море" хар салхины (2017) дараа Шри Ланк, Бангладеш улсуудад болсон хүчтэй үерт Энэтхэг улс хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авсан. 2005 болон 2010 онуудад Пакистан улсад явуулсан аврах ажиллагаанаас үзэхэд Энэтхэг улсын дэмжлэг улс төрийн  хамаарлаас хальж, жинхэнэ хүмүүнлэгийн чиг шугамаар явж байна.

2. Цагаачдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа

Хилийн чанадад зөрчил үүсэхэд Энэтхэг улс ихэвчлэн улсынхаа иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалахад хамгийн түрүүнд анхаардаг. Консулын ажилтнуудаа нүүлгэн шилжүүлснээр Шинэ Дели бусад улсын иргэдийг мөн аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд тусалдаг. Жишээ нь, 2015 онд Энэтхэг улс Европын Холбоо, АНУ, хөрш орнууд зэрэг 48 өөр улсын 2000 гаруй иргэдийг хүнд байдлаас гаргаж байв. Гадаад хэргийн яам, Энэтхэгийн Агаарын тээвэр, Тэнгисийн цэргийн хүчин болон Агаарын цэргийн хүчин нь зөрчилтэй бүсүүд, ялангуяа Энэтхэгийн далай, Персийн булангийн бүс нутгийн үндсэн тоглогч болж гамшигт нэрвэгдсэн гадны хэдэн мянган иргэдийг аврахад хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авч ажиллаж  байна.

3. Уламжлалт бус аюулгүй байдлын сорилтууд

Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчин Энэтхэгийн далайн уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудад  хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авагч өгөгдмөл хүчин болж тодорсон. 2008 оноос хойш Адены буланд далайн дээрэмтэй тэмцэхээр 1500 орчим усан онгоцоор хамгаалуулсан бараг 30 гаруй байлдааны хөлөг онгоц илгээж, 30 орчим далайн  дээрмийн оролдлогыг таслан зогсоож чадсан. Энэтхэг улс нь Сомалийн Эргийн Далайн дээрэмгүй Холбоо барих Бүлгийн(СЭДХБ) үүсгэн байгуулагч-гишүүн бөгөөд бүсийн хэмжээнд тэнгисийн цэргийн бусад хүчний хооронд зохицуулалт хийхэд чармайн манлайлах үүрэг гүйцэтгэж байна. Өргөтгөсөн хөршийн хүрээнд нисэх онгоц эсвэл усан онгоц алга болвол Энэтхэг улс ихэвчлэн хамгийн түрүүнд хариу арга хэмжээ үзүүлж, хайх болон аврах ажиллагаанд оролцдог орнуудын эгнээнд байдаг. 2014 онд сураггүй болсон Малайзын МН370 агаарын нислэгийг илрүүлэх анхны оролдлого хийхээр Андаман болон Никобарын арлууд руу Энэтхэгийн Эргийн Хамгаалагчдаа илгээж байжээ.

4. Мөргөлдөөний дараах аврах, нөхөн сэргээх ажиллагаа

Мөргөлдөөний дараах үе шатанд байгаа боловсон хүчний нөөц, бодит санхүүжилт шаардлагатай улс орнуудыг дэмжихэд Энэтхэг улс байнга тэргүүлэн оролцдог. Шри Ланкт болсон зэвсэгт мөргөлдөөн дууссаны дараа 2009 онд Энэтхэг улс нэг тэрбум ам.долларын өртөгтэй зээлийн шугам, боловсрол, эрүүл мэнд, тээвэр холбоо, сургалтын төслийн буцалтгүй тусламж олгож байжээ. Аврах, нөхөн сэргээх, сэргээн байгуулахад онцолсон Энэтхэг улсын урьд урьдын хүчин чармайлт Балба, Шри Ланк, Афганистан улсуудад хүнд хэцүү зөрчилдөөнтэй жилүүдийн дараа энгийн байдалдаа эргэн ороход ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулагч улсуудын нэг учраас Энэтхэгийн “цэнхэр дуулгатнууд” мөн дэлхийн эргэн тойрон дахь хэдэн арван зөрчил бууруулахад хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авах ажиллагаагаар үйлчилж, тогтвортой байдал, сэргээн байгуулалтанд дэм үзүүлэхэд газар дээр нь тэргүүлэн хүчин чармайлт гаргаж байна.

5. Дэглэмийн дэмжлэг

Найрамдалт улсын Засгийн газрууд цэргийн эргэлт гарах эрсдэлтэй тулгарах эсвэл тогтворгүй байдал бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлвэл Энэтхэг улс ихэнхидээ хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авч, дэмжих алхам хийдэг. Тухайлбал, 1988 онд Мальдивын хүсэлтийн хариу болгож Энэтхэг улс Кактус ажиллагаа ажиллуулан цэргийн хүчнээ илгээж, Малид дэглэм үргэлжлэх баталгаа олгосон. Дэлхийн хамгийн зөрчилдөөнтэй бүс нутагт байрладгийн хувьд хөрш орнуудаас хүсэлт гаргахад Энэтхэг улс тайван замаар иж бүрэн зохицуулалт хийн эвлэрүүлэх үйлчилгээгээ санал болгосноор үр дүнтэй үүрэг гүйцэтгэдэг. Шинэ Дели   мөн хамгийн түрүүнд "ардчилсан" хариу арга хэмжээ авагчийн хувьд шилжилтийн ардчилсан орнуудад шинэ үндсэн хуулиа боловсруулах, шударга, эрх чөлөөт сонгууль явуулахад туслахаар мэргэжилтэн илгээж, техникийн дэмжлэг үзүүлдэг.
 
6.Санхүүгийн туслалцаа


Санхүүгийн хямралд орсон найрамдалт улсын Засгийн газрыг дэмжихэд Энэтхэг улс нийтэд танигдаагүй ч бүс нутгийн хэмжээнд хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авагчийн хувиар чухал үүрэг гүйцэтгэдэг. 2012 онд гаргасан мөнгөн дэвсгэртийн своп солилцооны тусгай механизмын дагуу Энэтхэгийн Нөөцийн банкнаас Бутан, Мальдив, Шри Ланк зэрэг улсуудад гадаад валютын хөрвөх чадварын хомсдол тохиолдсон үед шаардлагатай туслалцаа үзүүлж байжээ. Эдгээр орны валютын удирдлагад туслах шаардлагатай бол Шинэ Дели нь бүсийн хэмжээнд санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийг хангах, хямралыг бууруулах засаглал бэхжүүлэх үүрэгтэй гэдгээ илэрхийлсэн.

7. Дүрвэгчдийн урсгал

Өмнөд Азид хүмүүс амь насныхаа төлөө айж эмээвэл хамгийн түрүүнд Энэтхэг улсад ханддаг. Энэтхэг улс нь Өмнөд Азийн дүрвэгчид, цөөнх хүн амд яаралтай аюулгүй орогнох байраар байнга хангасаар ирсэн. Хүчтэй мөргөлдөөн, аливаа төрлийн хэлмэгдүүлэлтийн алинд нь ч өртсөн бай ихэнхи дүрвэгч иргэдийн гарц бол тус улсын нээлттэй хаалганы бодлогыг далимдуулан Энэтхэг улсаар аюулгүй дамжин өнгөрөх юм. 1947 оноос хойш үүнд Төвд, Зүүн Пакистан, Афганистан, Бирм/Мьянмар, Шри Ланк улсын иргэд багтаж, одоогийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг "Энэтхэг улсын дүрвэгчдийн талаар баримтлах бодлого бол бусад орнуудад загвар болох бодлого" гэж хэлтэл нь тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна.

Дээрх хүрээнд хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авдаг Энэтхэг улсын хувь нэмэр тус улсын эдийн засгийн хэмжээ өсөж, нээлттэй болохын хэрээр цаашид улам өснө. 2015 онд хилийн чанад дахь Энэтхэг улсын элчин сайдын яамдын удирдлагуудад хандсан илгээлтэндээ Ерөнхий сайд Моди “энэхүү онцгой боломжийг ашиглан Энэтхэг улсыг дэлхийн хэмжээнд зөвхөн тэнцвэржүүлэх хүчин байхаас илүү тэргүүлэх үүргээ хүлээхэд туслан ажиллах"-ыг уриалсан байсан юм.

Энэтхэг улс хүрээгээ тэлэх тусам бусад орон анхаарал тавьдаггүй, хүсдэггүй эсвэл хийх чадваргүй зүйлст цаашид тэргүүлэн ажиллах болно.

Олон улсын дэг журамд "чиглүүлэгч үүрэг" хүлээх Энэтхэг улсын нэн чухаг үүрэг, хариуцлагыг илэрхийлж байгаа учраас энэхүү хамгийн түрүүнд хариу арга хэмжээ авдаг уламжлалыг цаашид судалж, сурталчлах шаардлагатай. Мөн хилээс гадагш илүү хол, илүү хурдан хүрэхийн тулд хангалттай нөөц, бололцоогоор Энэтхэг улсаа байнга хангаж байх хэрэгтэй.
Бичсэн: Судлаач Константино Завиер

Орчуулсан: С. Золзаяа /Улаанбаатар дахь Энэтхэгийн Элчин сайдын яам/
 

 

Холбоотой мэдээ