Нөөцөд байгаа боодолтой өвс стандарт хэмжээнд хүрэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-17 18:20:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн улсын шалгагчидтай хамтран иргэн, аж ахуйн нэгжүүдийн борлуулж байгаа болон Нөөцийн газрын аймаг дахь салбарт хадгалагдаж байгаа боодолтой өвс, тэжээлийн чанарыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд шалгажээ.

Холбогдох стандартын дагуу боодолтой өвс нь 50х30х80 см хэмжээтэй, 120-150 кг/м3 нягтралтай, 15 хувийн чийгтэй, нягтралаас хамааран 14.4-18.0 кг жинтэй байх ёстой аж. Шалгалтаар өвсний захад худалдан борлуулагдаж буй боодолтой ногоон өвсний дундаж жин 14,5 кг, өвлийн улиралд нуураас бэлтгэж байгаа бор өвсний дундаж жин 11,7 кг-ын жинтэй гарчээ. Харин Нөөцийн газарт хадгалагдаж байгаа боодолтой өвсний дундаж жин 13.3 кг,  2017 онд нөөцөд орлогод авсан өвсний дундаж жин 14.5 кг, 2016 онд орлогод авсан өвсний дундаж жин 13,7 кг, 2016 онд Мал хамгаалах сангаас орлогод авч нөөцөд хадгалж байгаа өвсний дундаж жин 11.8 кг байгаа нь ба “Өвсний стандарт. Техникийн шаардлага” MNS 0592:2008 стандартын 6.4 дэх заалтыг зөрчиж байгаа нь тогтоогдсон байна.

Түүнчлэн 2016 онд улсын нөөцөд орлогод авсан Монгол Улсад үйлдвэрлэж 25 кг-аар савласан нунтаг хивэгний жин, тоон хэмжээ нь стандартын шаардлагын хэмжээнд байгаа боловч хадгалалтын хугацаа өнгөрсөн зөрчил илэрчээ.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид холбогдох иргэн, аж ахуйн нэгжүүд болон Нөөцийн газарт илэрсэн дээрх зөрчлүүдийг арилгах үүрэг даалгавар өгчээ.

Мөн иргэдэд боодолтой өвс худалдан авахдаа өнгө, үнэр, жин, нягтралыг шалгаж авахыг зөвлөж байна.

Ө.Нурболат

 
Холбоотой мэдээ