Цагдаагийн байгууллага иргэдэд ажлаа тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-15 19:24:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид энэ сарын 11, 12-ны өдрүүдэд бүх сумдаар ажиллаж, байгууллагын 2017 оны ажлын тайланг иргэд, олон нийтэд танилцуулсан юм. Тэгвэл өнөөдөр Өлгий сумын ард иргэдэд үйл ажиллагаагаа тайлагналаа.

Аймгийн Хөгжимт Драмын Театрт болсон уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан,  аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх нар оролцлоо. Аймгийн удирдлагууд хэлсэн үгэндээ Цагдаагийн газрын үйл ажиллагааг хангалттай хэмээн дүгнэж, байгууллагын ажлыг дэмжих зорилгоор Хүчирхийллээс хамгаалах байр барихад зориулж 118 сая төгрөг, хөтөч машинтай болгоход 75 сая төгрөгийг 2018 оны орон нутгийн төсөвт тус тус суулгасныг, мөн сумдын удирдлагуудтай хамтран хөдөө сумдад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдыг энгэрийн камертай болгоход шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдсэнийг онцоллоо.

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар нь 2017 онд гэмт хэргийн шинжтэй 586, зөрчлийн шинжтэй 1728 гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Түүнчлэн 101 хэргийг илрүүлсэн байна. Энэ нэ 2016 онтой харьцуулахад 62,3 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 319 гэмт хэрэг бүртгэгдэж, хоёр жил дараалан гэмт хэрэг хамгийн бага гарсан аймгаар тодорсныг мэргэжлийн хүмүүс хууль хяналтын байгууллагын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаа иргэдэд хүрч байгаагийн илрэл хэмээн дүгнэж байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ