Спортын мастер Т.Галхүү 2018 оны нээлтийн харваанд тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сурын холбооноос 2018 оны нээлтийн харваа буюу Урианхайн мөсний сурын харвааг энэ сарын 13-ны өдөр Толбо сумын нутаг Толбо нуурын мөсөн дээр зохион байгууллаа.
Мөсний сурын харваанд урианхай сурын хүндэт мэргэн нэг, улсын мэргэн нэг, спортын мастер 16, спортын дэд мастер 11, нийтдээ нийт 50 харваач оролцож цэс мэргэнээ сорин өрсөлджээ. Тэмцээнд нийт 20 онохоос 19 оноогоор Буянт сумын харваач спортын мастер Т.Галхүү тэргүүллээ. Түүнчлэн Буянт сумын харваач, спортын мастер Д.Алтангэрэл дэд байрыг, аймгийн Цагдаагийн газрын харваач Г.Наранзул гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Дашрамд хэлэхэд, өвөг харваа буюу урианхай сур харваа нь Чингисийн үеэс улбаатай хамгийн эртний харваа бөгөөд наадмаар харвах зуны сур харваа, өвөл мөсөн дээр харвах “Мөсний сур харваа” гэсэн хоёр төрөлтэй ажээ.
Ө.Нурболат