Палестинд тусламж үзүүлэхээ болино гэж Д.Трамп "сүрдүүлэв"
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Би-Би-Си/. “Энхийн хэлэлцээ хийх хүсэлгүй байгаа” Палестинд тусламж үзүүлэхээ зогсоож магадгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Д.Трамп мягмар гарагт буюу өчигдөр “Твиттер” хуудастаа “АНУ палестинчуудад тусламж үзүүлснийхээ хариуд ямар ч талархал, хүндлэл хүлээж аваагүй. Иерусалим хотыг би “Израилийн нийслэл” гэж хүлээн зөвшөөрсний улмаас Палестин Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээнд цэг тавьж байгаа бололтой” гэжээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Д.Трамп мягмар гарагт буюу өчигдөр “Твиттер” хуудастаа “АНУ палестинчуудад тусламж үзүүлснийхээ хариуд ямар ч талархал, хүндлэл хүлээж аваагүй. Иерусалим хотыг би “Израилийн нийслэл” гэж хүлээн зөвшөөрсний улмаас Палестин Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээнд цэг тавьж байгаа бололтой” гэжээ.
Харин Палестины тал саяхан мэдэгдэл хийхдээ “Палестинчууд ирээдүйн төрт улсынхаа “нийслэл хот” гэж үздэг Иерусалим хотыг Д.Трамп Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрсөн нь АНУ Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээнд “төвийг сахисан зуучлагч” байж чадахгүй гэдгийг нотлон харууллаа” гэсэн юм.
Өнгөрөгч оны 12 дугаар сард Д.Трамп Иерусалимыг “Израилийн нийслэл”-ээр зарласан билээ. Үүний улмаас палестинчууд болон Израилийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн дэгдээд байгаа юм. Д.Трампын шийдвэрийг эсэргүүцсэн агуулга бүхий тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн улс орнууд шинэ оны өмнө олонхын саналаар баталсан.
Д.Трамп юу гэв?
Д.Трамп энэ долоо хоногийн даваа гарагт “Твиттер” хуудастаа “Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Пакистан улс АНУ-ын эрх баригчдыг мунхруулан 33 тэрбум гаруй долларын тусламж авсан байна. Харин Пакистан АНУ-д “хууран мэхлэлт”-ээс өөр юу ч өгөөгүй. Тэд манай улсын удирдагчдыг мунхруулсаар ирсэн. Бидний Афганистанд “ангуучилж буй” террористуудын аюулгүй байдлыг тэд хангасаар ирсэн. Тэд АНУ-ыг өөр юугаар ч гийгүүлээгүй ” гэж бичсэн байсан билээ.
Тэгвэл тэрбээр өчигдөр орой “АНУ зөвхөн Пакистанд хэдэн тэрбум долларын тусламж үзүүлээгүй. Палестинчуудад ч жилд хэдэн саяар нь өгсөөр ирсэн. Үүний хариуд Палестины эрх баригчид бидэнд талархал, хүндэтгэл үзүүлээгүй. Тэд бүр АНУ-аар зуучлуулан Израильтай энхиийн хэлэлцээ хийх ч хүсэлгүй байна” гэжээ.
Палестинчууд юу гэж хэлээд АНУ-ыг “хилэгнүүлэв”?
Иерусалим бол дэлхийн хамгийн маргаантай газруудын нэг юм.

Израилийн Засгийн газар тус хотыг бүхэлд нь улсынхаа “нийслэл” гэж үздэг. Харин палестинчууд мэдэгдэхдээ “1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр Израилийн цэргүүд Зүүн Иерусалимыг хууль бусаар булаан эзэлсэн. Энэ хот бол Палестины ирээдүйн төрт улсын нийслэл хот” гэдэг юм.
Гэсэн хэдий ч энэ маргаантай хотыг Д.Трамп “Израилийн нийслэл” гэж зарлаж, Тель-Авив хот дахь ЭСЯ-аа Иерусалим руу шилжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор Палесттины Ерөнхийлөгч Махмуд Аббас мэдэгдэл хийхдээ “Бид Д.Трампын засаг захиргааны ямар ч саналыг хүлээж авахгүй. АНУ энхийн хэлэлцээ хийхэд нэг талыг барилгүйгээр зуучилж чадах улс биш гэдгийг Д.Трампын шийдвэр нотлон харууллаа. Иерусалим бол Палестины мөнхийн нийслэл” гэсэн юм.
АНУ палестинчуудад ямар тусламж үзүүлдэг вэ?
АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хэйли мэдэгдэхдээ “АНУ Палестины дүрвэгчдэд зориулан НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх газарт санхүүжилт өгсөөр ирсэн. АНУ-ын өгсөн мөнгөөр Палестинд боловсрол, эрүүл мэнд болон нийгэм рүү чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. АНУ бол НҮБ-д хамгийн их мөнгө хандивладаг улс. 2016 онд л гэхэд бараг 370 сая доллар хандивласан” гэжээ.

Н.Хэйли цааш нь ярихдаа “Палестины тал энхийн хэлэлцээний ширээнд суухаас нааш палестинчуудад ямар ч тусламж үзүүлэх хүсэлгүй байгаагаа Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн” гэсэн байна.
АНУ НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх газарт санхүүжилт өгөхөө зогсоох нь тус газрын үйл ажиллагаанд ихээхэн сөргөөр нөлөөлж магадгүй. Учир нь тус газрын санхүүжилтийн бараг 30 хувийг АНУ дангаараа бүрдүүлдэг аж.
Тус газарт өгдөг санхүүжилтийнхээ хэмжээгээр дээрээсээ хоёрдугаарт ордог Европын Холбоо 2016 онд АНУ-ын өгсөн санхүүжилтийн тал хүрэхгүй хувьтай тэнцэхээр мөнгө хандивласан гэнэ.
Г.Доржханд