Эверестэд ганц нэгээрээ авирахыг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-31 11:08:04
КАТМАНДУ. /Би-Би-Си/. Уулчид өндөр ууланд авирч байхдаа осолдон амь насаа алдах нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор Балбын оргилуудад ганц нэгээрээ авирахыг хоригложээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, уулчдын аюулгүй байдлыг хангах, ууланд осолдогсдын тоог бууруулах үүднээс ийм арга хэмжээ авч байна гэж тус улсын холбогдох албаны хүн мэдэгдсэн байна.

Энэ онд дэлхийн ноён оргил болох Эверестэд урьд урьдын жилүүдийнхээс олон уулчин авирах оролдлого хийсэн гэнэ.

Тэгвэл энэ онд тус оргил руу авирч байхдаа зургаан уулчин, тэдний дотор 85 настай уулчин Мин Бахадур Шерчан “Эверестэд авирсан дэлхийн хамгийн өндөр настай хүн” гэсэн дээд амжилтаа давтах гэж байгаад амиа алджээ. Мөн “швейцарь машин” хочит дэлхийн алдарт уулчин Уили Стек энэ онд Эверестийн зэргэлдээх оргил руу ганцаараа авирч байхдаа амиа алдсан юм.

Шинэ журмын дагуу гадаадын уулчид Балбын оргилуудад авирахдаа заавал хөтөч дагуулж явах ёстой аж.

1920 оноос хойш Эверестэд 200 гаруй уулчин амиа алджээ. Тэдний олонх нь 1980 оноос хойш амиа алдсан байна.

Эверестэд уулчид олон шалтгааны улмаас амиа алддаг аж. Тухайлбал, 20 хувь нь “өндрийн өвчин”-ий улмаас, 29 хувь нь цасан нурангид дарагдаж, 23 хувь нь өндрөөс унан амиа алддаг аж.
Г.Доржханд
Холбоотой мэдээ