Төр нийгмийн гажуудлын шалтгаан бүрийг Үндсэн хуультай холбож болохгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-18 14:50:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд”  сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд болж байна.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр УИХ-ын ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн байдлын талаар танилцуулсан юм. Танилцуулгаас үзвэл 327 мянга гаруй хүн хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд нийт иргэдийн санал нь давхардсан тоогоор 5.6 сая-д хүрчээ. Санал өгсөн иргэдийг насны ангиллаар нь үзвэл 32.2 хувь нь 18-35 насны залуус, 19.8 хувь нь 36-45 насны, 16.1 хувь нь 46-55 насныхан байна.

Иргэд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах, Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг эрх мэдэлтэй байх, үндсэн чиг үүргийн таван яамыг Үндсэн хуульд нэрлэн заахыг дэмжжээ. Мөн төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоох, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр халах, чөлөөлөхийг хориглох, баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох нь зүйтэй гэж үзсэн байна. Төсөлд дурдагдаагүй асуудлаар 81095 санал ирсэн нь Үндсэн хуульд хамаарах асуудлууд байжээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Иргэдээс ирүүлсэн 5 сая гаруй саналыг нэгтгэн үзвэл ард түмэн шударга ёс, улс төрийн алба ёс зүйтэй, шударга, хариуцлагатай байх, төрийн алба ёс суртанхуунтай, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, ард түмэнд үйлчилдэг байх, шүүх нь шударга, хариуцлагатай байхыг  хүсч байгааг харж болохоор байсан" хэмээн тэмдэглэсэн юм. 


Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэлийн хувьд Үндсэн хуулиа өөрчлөх тухай ярих нь оновчтой хувилбар мөн үү гэсэн асуудлыг хөндөж байлаа. Тэрбээр эцэг хуулиа өөрчлөх нь өнөөгийн хямралыг улам гүнзгийрүүлэх юм биш биз хэмээн болгоомжилж байгаагаа хэлж байсан бөгөөд улстөрчид өнөөдрийн бий болоод буй бүхий л алдаа завхралыг Үндсэн хуультай холбон тайлбарлаж байгааг буруутгаж байв. Түүний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихаасаа илүүтэй Монгол Улс ёс суртахууныг дээдэлсэн цагт улс орон шиг хөгжинө. Үндсэн хууль бол үүсмэл, ёс суртахуун бол хүн бүрийн уураг тархинд байдаг төрмөл зүйл. Монгол Улсын өнөөгийн  байдал нь Үндсэн хуулиас шалтгаалаагүй гэдэг нь бодит үнэн зүйл гэсэн байр суурьтай байв.


Судлаач нийтлэлч Б.Баабар “Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд” илтгэлдээ Үндсэн хуульд хийсэн 1999 оны өөрчлөлт  нь тодотгол байсан хэмээн онцоллоо. Мөн өнгөрсөн 25 жилийн турш улстөрчид нь Үндсэн хуулиа санаатай, санамсаргүйгээр  зөрчиж ирсэн. Үүний ихэнх нь УИХ болон Засгийн газарт хамаарч байгаа ба хуулиа баримтлахгүй байгаа нь зөрчлийн үндэс болж байна. Энэ мэтээр хуулийг дагаж мөрдөхгүй бол Үндсэн хуулиа өөрчилсөн ч төр, нийгмийн тогтолцооны гажуудал засрахгүй. Тэгээд ч өнөөдөр манай иргэдийн дунд Үндсэн хуулиа мэддэг хүн тун цөөн байна. Тиймээс иргэддээ Үндсэн хуулиа сурталчлан таниулахын зэрэгцээ эх хуулиа өөрчлөхийн оронд дугаарласан нэмэлт тодотгол гаргавал зүгээр” хэмээв.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ