Ирэх оныг авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил болгохыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-08 14:49:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд “Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр хэлэхдээ, “Бид 27 жилийн өмнө ардчиллын замд орж амьдрал маань дардан, ирээдүй сайхан болно гэсэн. Эргээд харахад бидний зовлон их болсон байна. АТГ-аас гаргасан мэдээллээр 11 дүгээр сарын байдлаар авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн улмаас улсад 65,3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ бол зөвхөн энэ оны 11 дүгээр сарын байдлаарх мэдээлэл. Жил хүрэхгүй хугацаанд 65,3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Энэ бол зөвхөн илэрсэн хохирол. Илрээгүй нь маш том тоо гарах байх. Авлигатай тэмцэх бодит хүсэл зориг улс төрийн дээд хүрээнд байхгүй. Авлигын эсрэг тэмцлийг улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдийгөөр үзэх байдал түгээмэл явж ирснээс өнөөдөр авлига буурах шинж тэмдэг огт харагдахгүй, олон нийтийн үнэлэмж маш гутранги байдалтай байна.

Өнөөдөр авлига уул уурхай, лиценз, архи-согтууруулах ундааны бизнест хамгийн ихээр бугшсан байна. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагийн тараасан мэдээллээс үзэхэд 2008-2016 оны хооронд Агаарын бохирдлыг бууруулах нэрээр улсын төсвөөс 147 тэрбум 311 сая төгрөг, олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая долларыг зарцуулжээ. Зөвхөн сайжруулсан зуухыг гэхэд нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн 97,6 хувьд тараасан гэж байна. Гэтэл үр дүнд нь гэр хорооллын агаарын бохирдолд эзлэх хувь хэмжээ 2008 онд 38 хувь байснаа 2016 онд 80 хувь болж өссөн гэх үзүүлэлт гарчээ. Энэ юуг харуулж байна гэхээр эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд болон тэдний хамсаатнууд агаарын бохирдлыг бууруулах нэрээр мөнгө цөлмөхөө урьтал болгож байна. Өнгөрсөн өвөл олон улсын байгууллагууд манай улсын Авлигын индекс 38 болж, өмнөх жилээс 15 байраар ухарсныг зарласан байна” хэмээв.


АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан  Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” илтгэлдээ “Манай улсад авлига нүүрлэсэн. Гэтэл АТГ нь бага дунд шатны албан хаагчдын дунд үйлдэгдэж байгаа авлигыг илрүүлэхээс улстөрийнхний хүрээнд үйлдэж буй гэмт хэргийг илрүүлж тогтоохгүй байна. Үүний нэг тод илрэл нь 60 тэрбумын гэх хэрэг юм. Өнөөдөр авлигын хэргийг дэлхийн орнууд дээрээс доошоо, дороосоо дээшээ гэсэн чиг шугамаар илрүүлж байна. Засгийн газар АТГ байгуулж үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг дээрээсээ доош чиглэсэн гэж байгаа бол дороосоо дээш гэсэн урсгал нь иргэд сайн дураараа авлигатай тэмцэхийг хэлж байгаа юм. Гэтэл манай улсад дээрээс ч, доороос ч гарсан санал санаачилгыг нухчин дарж, тухайн албан хаагч-иргэнийг дуудаж шалгах, эрх ашгийн зөрчилгүй гэх албан тоотыг гаргаж өгөхгүй байх зэргээр хүсэл сонирхлыг нь унтрааж байна” гэв. 

Уг зөвлөгөөний хүрээнд ирэх оныг "Авлигын гэрч, мэдээлэгч, шүгэл үлээгчийг хамгаалах жил болгохоор уриалга гаргахаар тогтов. “Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын гаргасан зөвлөмжид авлигыг мэдээлэх, шүгэл үлээгчдийн эрхийг хамгаалах хуулиудыг батлах, хэрэгжүүлэх. авлигын хэрэг үйлдэгчид ял шийтгэлгүй үлддэг, тэдний учруулсан хохирол төлөгддөгүй үлддэг жишгийг эцэс болгох хэрэгтэй гэж заасан аж.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ