Олон улсын банк үүсгэн байгуулах асуудлаарх протоколуудыг соёрхон батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-07 20:07:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас  өргөн мэдүүлсэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэв.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Олон улсын хөрөнгө оруулалтыг банк (ОУХОБ)-ийг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1970 оны хэлэлцээрийн дагуу анх үүсгэн байгуулсан бөгөөд манай улсын хувьд тус хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 26 тоот “Хэлэлцээр батлах тухай” тогтоолоор баталсныг дурдав.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай  протоколыг 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр БНКУ-ын Гавана хотноо үйлдсэн аж. Иймд Монгол Улс нь тус банкны гишүүн улсын хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг протоколд оруулж буй өөрчлөлт нь тус банкийг орчин үеийн олон улсын хөгжлийн банкуудын үйл ажиллагаанд мөрдөгддөг нийтлэг зарчимд нийцүүлэх зорилготой юм байна. Тухайлбал, компанийн засаглалын шинэ систем буюу Удирдлагын дээд түвшнийг Удирдах Зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хороо зэрэг гурван түвшинт удирдлагад шилжүүлэх, шинэ дүрмээр Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хорооны эрх, үүргийг зааглан тогтоох, санал хураах зарчмыг шинэчилж “Нэг орон-нэг санал” гэсэн санал хураалтын хуучин зарчмаас татгалзан олон улсын хөгжлийн банкуудын жишгийн дагуу гишүүн орнуудаас банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарсан санал хураалтын шударга зарчимд шилжиж байгаа аж. Олон улсын статус бүхий хөгжлийн банкуудад бүгдэд нь, тухайлбал Монгол Улс гишүүнээр нь орсон АХБ, Дэлхийн банк, ЕСБХБ-д банкны дүрмийн санд оруулсан хөрөнгөөс хамаарсан санал өгөлтийн тогтолцоо мөрдөгддөг юм байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.  Гишүүдийн хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас өнгөрсөн хугацаанд авсан  зээлийн үр ашгийн тооцоог танилцуулах, цаашдаа асуудлын ач холбогдол, үр өгөөжийг тооцож байхыг анхааруулсан.

Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.0 хувь нь дэмжив.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил тус тус танилцуулсан.

Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк (ЭЗХАОУБ)-ны гишүүн улсын хувьд тус банкийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор  уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Тус банкны гишүүн зарим улс банкны гишүүнчлэлээс гарсан, зарим улсаас дүрмийн санд оруулсан хувийг дахин хуваарилсан, зарим гишүүн орны албан ёсны нэр өөрчлөгдсөн, банкны дүрмийн санг бүрдүүлсэн валютын нэрийг евро болгож өөрчилсөн зэрэгтэй холбогдуулж Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн протоколд өөрчлөлт оруулсан аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат саналаа хэлсний дараа Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.2 хувь нь дэмжлээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ