Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны ирц бүрдэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-04 15:05:56
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжид V хуралдаан өнөөдөр өглөөний 09.00 цагаас хуралдахаар зарлагдсан ч ирц бүрдэхгүй байгаагаас хараахан эхлээгүй байна.
 
Ээлжит хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн аймгийн дэд хөтөлбөр батлах, бага боловсрол, эх хэл, монгол хэлний чанарыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр батлах, аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам батлах, аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх, 2018 оны төсийг хэлэлцэж батлах, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Засаг даргын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2018 оны Үндсэн чиглэл болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, шинэ сум байгуулах, багийн тоог нэмэгдүүлэх зэрэг 12 төрлийн асуудлыг хэлэлцэх ёстой юм.
 
Гэвч аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий 16, Монгол Ардын Намын бүлгийн 5 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг эхний ээлжинд хэлэлцэх шаардлага тавьж, хуралдааны танхимд орж ирээгүй байна. Төсвийн тухай хуулиар "аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлах"-аар заасан юм. Хуралдааны ирц хэзээ бүрдэж, дээрх асуудлуудыг хэлэлцэж эхлэх нь хараахан тодорхой бус байна.
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ