Энэтхэгийн ЭСЯ-ны төлөөлөгч Дарханд зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-07 18:09:14

Монгол Улсад суугаа Энэтхэг улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Рави Шанкер Боел Дархан-Уул аймагт айлчлав. Хүндэт зочныг аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч уулзсаны дараа тус аймгийн бизнес эрхлэгчидтай уулзалт хийлээ.

Уулзалтад аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиггааны удирдлагын хэлтэсийнхэн, тус аймгийн бизнес эрхлэгч 40 аж ахуйн нэгжийн дарга, захирлууд оролцлоо. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга хэлэхдээ:-“Энэтхэгийн Элчин сайдын яамны төлөөлөгчийг та бүхэнтэй уулзуулж байгаа нь та бүхний эрхэлж байгаа бизнес, үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд чинь Энэтхэгийн ижил төстэй бизнес эрхлэгчидтэй холбож өгөхөд туслах зорилготой” гэж тодотгов. Дараа нь Энэтхэгийн ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Рави Шанкер Боел Энэтхэг улсаа танилцуулж Монгол улс тэр дундаа Дархан-Уул аймаг үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах боломжийн талаар мэдээлэл хийж оролцогсодтой харилцан ярилцлаа. Аймгийн Засаг дарга С.Насанбат:-“Энэтхэг улс, Монгол улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Энэтхэгийн Элчин Сайдын яамтай Дархан-Уул аймгийн удирдлагууд олон ажлыг хамтарч хийхээр тохирсон. Тус улсын улсын элчин сайд Дархан хотод хоёр удаа ирж аймгийн нийгэм эдийн засгийн байдал, хотын амьдралтай танилцсан. Бид гурав дахь уулзалтаа өнгөрсөн сарын найманд Элчин сайдын яаманд нь хийж 60 жилийн ойн хүрээнд Энэтхэг улсын Ерөнхий сайд Монгол улсад албан ёсны айлчлал хийхдээ Монгол улсын эдийн засгийг дэмжих зорилгоор хөрөнгө, техникийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ дэмжлэгт Дархан-Уул аймаг яаж оролцох вэ? гэдэг талаар Элчин сайдтай зөвшилцлөө. Дарханд тулгамдсан ямар асуудал байна вэ?, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бизнесменүүд бусад төсөл хөтөлбөрт элчин сайдаар дамжуулж Энэтхэг улсаас ямар туслалцаа үзүүлж болох талаар санал солилцсон. Мөн Монголын хүүхэд залуучуудад Энэтхэгийн түүх, соёлыг яаж түгээх вэ? зэрэг олон асуудлаар ярьж тохирсоны дагуу энэ удаа тус Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Дархан хотод айлчилж байна. Энэтхэгийн талаас бидэнд та бүхэн баг бүрдүүлж Энэтхэгт чухам ямар чиглэлээр сурч мэдмээр байна, бид туслая, Ялангуяа Дархан хотын бизнесменүүдийг дэмжих ямар л бололцоо байна тэр бүхэнд нь бид туслах учраас судлагаа хийж саналаа дэвшүүлээрэй гэж хэллээ. Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын үр дүнд Монгол улсаас жил бүр 200-гаад хүнийг Энэтхэгт төлбөрийг нь бүрэн дааж сургах, 50 орчим хүнийг магистрт сургах сургалтын төлбөрийг нь гаргахаар болсон учир түүнд манай Дарханаас хүмүүсээ оролцуулах боломжтой болж байна. Энэ асуудлыг бид 2014 оноос хойш хөөцөлдсөн. Өнгөрсөн жил манай аймгаас тодорхой тооны хүмүүст Энэтхэг улсад мэргэжил, хэлний мэдлэг чадвараа дээшлүүллээ. Энэ онд Энэтхэгийн элчин сайд Монгол улсаас Энэтхэгт сурах 200 хүний 10-ыг нь Дарханаас оролцуулахад анхаарлаа хандуулна гэсэнд бид баяртай байгаа. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, тэр дундаа хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нэгдсэн цогцолбор бий болгоход анхаарахаар болсон. Ирэх сард тохиох Дархан хотын мэндсэн өдрөөр тус аймагт Энэтхэгийн киноны болон хоолны өдрүүдийг зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр ярилцлаа” гэв.

 Б.Норовсамбуу
 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд