Оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцлийг алдагдуулсан барилгын ажлыг зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-30 16:27:36
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, "Хийморь 11" орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбайд барьж буй барилгын ажлыг зогсоох шийдвэрийг хотын дарга гаргалаа.

Дээрх барилга нь барилгын норм норматив болон холбогдох  хуулиудыг зөрчсөн хэмээн хотын удирдлагууд үзжээ. Тодруулбал, 12 а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300м2 иргэн Ц.Батбаатарт эзэмшүүлсэн нь Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор болсон байна.  Улмаар “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт”-д заасан зай хэмжээ зөрчигдөж, оршин суугчдын ая тухтай амьдрах хэвийн нөхцлийг алдагдуулахад хүрчээ.

Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглох хотын даргын  захирамж гарсан бөгөөд энэхүү захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан байна.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ