Засгийн газар 2020 он гэхэд гадаадын ажиллах хүчнийг 50 хувь хүртэл бууруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсад 2018 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт монгол ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг хавсралтаар баталлаа. Хавсралтад заагаагүй салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, 20-иос дээш монгол ажилчинтай аж ахуйн нэгж, байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын тав хүртэл хувь байхаар тогтов. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо хавсралтаар баталсан хувиас илүү гарсан нөхцөлд 100 хүртэлх гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах бол салбарын сайд, 100-гаас дээш бол Засгийн газар шийдвэрлэж байх юм. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт төлбөртэйгээр хамруулж байхыг сайд Д.Сарангэрэлд даалгалаа. 2017 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар манай улсад 91 орны 9500 орчим гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Засгийн газар 2020 гэхэд гадаадын ажиллах хүчний тоо, хэмжээг 50 хувь хүртэл бууруулахыг зорьж байгаа юм.
Товч мэдээ
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
- Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд П.Пеллегрини энэ сарын сүүлээр манай улсад айлчилна. Айлчлалын үеэр монголын талаас баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. Хоёр улсын Шадар сайд албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, бизнес форум зохиохоор төлөвлөөд байна.
- Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид энхийг сахиулж байгаа “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийн цэргийн багийг эгүүлэн татах тухай хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болов. Эмнэлгийн хамт олон НҮБ-ын бие бүрэлдэхүүн, орон нутгийн нийт 36 мянга гаруй хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм.