Х.Баттулга: Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, хөнөөсөн этгээдэд цаазын ял оноох ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-24 15:35:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх үйлдлүүд нийгмийг түгшээсэн үзэгдэл болж буйг таслан зогсоох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулав.



ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж энэ үеэр “Хүүхдийн эрхийн зөрчил, өнөөгийн төлөв байдал, авах арга хэмжээ” сэдэвт илтгэл тавьсан. Илтгэлд бага насны охидыг хүчирхийлэх явдал тасралтгүй гарч байгаа тухай дурдагдаж байв. Тус комиссоос гаргасан тайлан мэдээнээс үзвэл, өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн. Тэр бүү хэл, 1 нас 4 сартай хүүхдийг ч хүчирхийлсэн тухай энэхүү судалгаанд тусгагджээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн 7 хоногт Төв аймагт 7 настай охиныг хойд эцэг нь хүчиндсэнээс амь насаа алдахын даваан дээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд авчирч шуурхай арга хэмжээ авч охины амийг аварсан болохыг тэрбээр жишээ татаж ярьсан.

Мөн сүүлийн үед насанд хүрээгүй иргэдийн дунд амиа хорлох, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх, бэлгийн хавьталд бие биенээ уруу татах, зуучлах зэрэг сөрөг үзэгдэл цөөнгүй гарч байгаа аж. Үүний зэрэгцээ туслах малчны хүүхдүүд боолын хөдөлмөр эрхэлдэг, сургуульд сурдаггүй, морин уралдааны үеэр унаач хүүхдүүд мориноос олноор унаж гэмтдэг,  зарим эцэг эхчүүд хүүхдээ хилийн чанадад сургах зорилгоор гадаадад ганцааранг нь үлдээдэг, үүнийг нь төрөөс эргэн хянах тогтолцоогүй, жирэмсэн эх Монгол Улсын хилээр буцаж орж ирэхдээ төрүүлсэн хүүхдээ гадны улсад орхидог зэрэг асуудал нийгэмд гарч буй. Иймээс хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх судалгааг холбогдох байгууллагууд 6 сар тутам гаргаж дүн шинжилгээ хийн ҮАБЗ-д хүргүүлдэг байх, бодит байдалд нийцэхгүй хууль тогтоомжуудыг нэн яаралтай өөрчлөх, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх, энэхүү зөвлөмжийг ор нэр төдий хэрэгжүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцдог байх, гадаад улсад бие даан амьдарч байгаа хүүхдүүдийг судалгааг гаргаж нэгдсэн хяналтад оруулдаг болохыг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж санал болгосон юм.



Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр хэлсэн үгэндээ, “Олны санаа сэтгэлийг зовоосон, нийгмээр нь донсолгосон эдгээр хэргүүд нь зөвхөн өнөөдөр үйлдэгдэж байгаа юм биш. Өнгөрсөн 27 жилийн үйл явц. Зах зээл хэмээх сайхан нийгэм рүү шилжиж байна. Зах зээл нь өөрөө өөрийгөө зохицуулдаг нийгэм гэсээр байгаад төр өөрөө оролцох ёстой асуудлуудаа орхигдуулсан байна. Бага насны хүүхдийг хөнөөсөн, хүчирхийлсэн, тарчлаан зовоосон, балмад хэрцгийгээр харьцсан этгээдэд цаазын ял оногдуулдаг ёстой. Ийм төрлийн гэмт хэрэг хийсэн этгээдэд Ерөнхийлөгч миний зүгээс бүрэн эрхийнхээ хугацаанд уучлал үзүүлэхгүй” хэмээв.  

Хэлэлцүүлгийн үеэр “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд иргэдийн оролцоо их болохыг онцлоод тэрбээр “Нүдээ нээ” хөдөлгөөн болон хүүхэд хамгааллын чиглэлээр олон нийтийн дэмжлэг зүтгэлээр Баянхошуунд байгуулсан “Ид шидийн орон” цогцолборынхоо талаар танилцуулга хийв.



Ч.Ганжавхлан оролцогчдод хандаж хэлэхдээ хүүхдүүдээ 7 хоног хайрладаг бус насан туршид нь хайрладаг байх хэрэгтэй гэсэн бөгөөд өнөөдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ын 10 хувь нь л тогтмол үйл ажиллагаатай хэмээн санууллаа. Үүний зэрэгцээ бусад холбогдох албаны хүмүүс хүүхэд эмэгтэйчүүдйг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулж, цаашид анхаарах ямар асуудал байгааг Ерөнхийлөгчид уламжлав.

Ингээд хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж төр, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр гаргасан санал санаачилгыг ажил хэрэг болгохын тулд бодлогын барим бичгүүд боловсруулан гаргахаар тогтлоо.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

 
Холбоотой мэдээ