МОНЦАМЭ, Пренса Латина агентлагуудын хамтын ажиллагааг сэргээхийг уламжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-11-23 16:50:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионтой уулзав.

Уулзалтын эхэнд МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь дэлхий дахины Монголыг харах цонх бөгөөд Монгол Улсыг гадаадад сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус агентлаг нь дэлхийн олон улс орнуудын мэдээллийн агентлагуудтай хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай. МОНЦАМЭ,  Куба улсын Мэдээллийн Пренса Латина  агентлагуудын харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орныг харилцан сурталчлах, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс 1970 оноос эхтэй МОНЦАМЭ, Пренса Латина агентлагуудын хамтын ажиллагааг сэргээх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Элчин сайд Раул Делгадо Понсепсион хүсэлтийг нь хүлээн авч уулзсанд МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэгт талархал илэрхийлээд Куба улсын Мэдээллийн Пренса Латина агентлагт хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар уламжилъя гэлээ. Ноён Элчин сайд мөн үеэр Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм.
 
Тус улс манай улсад чихрийн шижин, элэгний В,С вирусын эсрэг вакциныг оруулж ирэхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Куба улсын Генетикийн инженер, биотехнологийн төвийн төлөөлөгчид манай улсад  хүрэлцэн ирж хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Куба улс дээрх вакцины тусламжтай элэгний В, С гепатит өвчингүй улс орон болж чадсан байна. Мөн чихрийн шижин өвчний улмаас  хөлний шархлаа үүсэх үед  “Heberprot-P”-г хэрэглэхэд 80 хувийн үр дүнг үзүүлсэн нь  дэлхийд гаргаж авсан цорын ганц бэлдмэл гэдгийг тэрбээр онцолсон юм. Эдүгээ уг бэлдмэлийн ачаар олон хүн чихрийн шижингээс үүдэлтэй хөлөө тайруулах аюулаас ангижирчээ.

Мөн манай хоёр орон хөдөө аж ахуй, боловсрол, спортын салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдсан бөгөөд өнөөдөр Куба улсад нийт 23 монгол оюутан сурч буйгаас 21 нь анагаах ухаан, хоёр  нь  аж үйлдвэр, спортын чиглэлээр суралцаж буй аж. 1960-аад оноос хойш Куба улсад нийт 168 монгол хүн суралцжээ.
Б.Заяа
Холбоотой мэдээ