Улаанбуудай, өвс тэжээлийн импортыг татвараас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-23 11:16:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Энэ оны ургац хураалтын дүнгээс харвал, 2017-2018 оны хүн амын хүнсний хэрэгцээт улаанбуудайн 40 гаруй хувийг хураан авсан бөгөөд  225,0 мянган тонн улаанбуудай дутагдахаар тооцоо гарчээ. Мөн ирэх оны тариалалтад шаардлагатай 60.0 мянган тонн үрийн буудайны 6.0 мянга орчим тонн үрийн буудайг мөн л дотоодоосоо бүрдүүлж чадахаар байгаа юм. Өвс, тэжээлийн хангамжийн тухайд 400 гаруй мянган тонн өвс, 51.0 мянган тонн хүчит тэжээл дутахаар байгаа тул дээрх хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр дутагдаж буй хүнсний болон үрийн буудай, өвс тэжээлийг ирэх оны зургадугаар сарыг дуустал дээрх хоёр татвараас чөлөөлж, импортоор оруулж ирэх нь.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хуулийн төслийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Б.Туул
Холбоотой мэдээ