Увс аймгийн Сагил сумын Хагийн нуур, Хагийн дэнж дахин сэргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-11-16 18:37:15

НҮБХХ болон БОНХАЖЯ-наас хэрэгжүүлж  байгаа “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл орон нутагт амжилттай хэрэгжиж байна.

Тус төслийн хүрээнд Увс нуур-Тэсийн голын сав газарт хэрэгжиж буй ажлын нэг болох Монгол Улсын баруун хойд зүгт орших Увс аймгийн Сагил сумын Хагийн дэнж, Хагийн нуурыг гадаргын усаар тэтгэх төслийн ажилтай газар дээр нь очиж танилцсан юм.

Энэ сумын 3800 га бүхий уг нутаг нь малын хаваржаа, намаржаа, зуслангийн чухал бүс бөгөөд энд олон мянган мал бэлчээрлэдэг байна. Харин энэ нутагт сүүлийн жилүүдэд хамгийн тулгамдсан асуудал “ус” болоод байв. Энд 28 жилийн өмнө төмөр хоолой татаж уулнаас буух усыг Хагийн дэнж рүү оруулж өгч усны асуудлыг нь шийдвэрлэсэн ч 1990-ээд онд зах зээлийн нийгмийн шилжилтийн үеэр хэн нэгэн уг төмөр хоолойноос хэдэн зуун метрийг тасдаад авчихсанаас болж энэ хөндий рүү ус урсахгүй болж Хагийн нуур ширгэхэд хүрээд байв. Харин энэ төслийн ачаар тус нутаг усаар тэжээгдэх боломж бүрджээ. Уг төслийн үндэсний зөвлөх, усны инженер, доктор, профессор Ш.Баранчулуун болон усны инженер Ч.Эрдэнэбаатар захиралтай “ССТ Таван од” ХХК компанийн хамт олон байгальдаа дасан зохицуулсан шинэлэг арга технологийг нэвтрүүлэн уулын болон хуримтлагдсан усыг зөв голидролд урсган Хагийн дэнжийг болон Хагийн нуурыг усаар тэтгэх ажлыг хэрэгжүүлсэн байна.

Тус байгууламж нь үерт урсаад алга болчихгүй, бас багахан усыг ч өөртөө шингээгээд сувгаараа урсгах чадвартай гэдгээрээ онцлогтой юм. Тэд урсацыг хэрэгцээтэй нутаг руу нь хөтлөх зөв голидролыг загвар болохуйц хямд төсөр аргаар ийнхүү шийдвэрлэж чаджээ. Дашрамд сонирхуулахад, Увс аймгийн Сагил сум нь 30-аад “Мянгат малчин”-тай гэдгээрээ үнэхээр мал аж ахуй өндөр хөгжсөн сум төдийгүй, бэлчээр, усны асуудлыг эн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай бүс нутаг  гэдгээрээ онцлогтой юм.

Увс аймгийн Сагил сумын Засаг дарга Л.Санжжавтай энэ үеэр уулзаж нутаг орны ажил, амьдралын талаар ярилцлаа.

-Сумынхаа талаар танилцуулна уу ?     -Сагил сум нь хойд болон баруун талаараа ОХУ-ын Тува улстай хиллэдэг. Газар нутгийн хувьд 238 мянган га нутаг дэвсгэртэй. Манай сум одоогийн байдлаар 2417 хүн амтай, 135 мянга 900 толгой малтай. Малчид маань малын тоо толгойд хэт анхаарч мал их өсч, бэлчээрийн талхлалт ихсээд байгаа тал бий. Харин бэлчээрийн хувьд бусад сумтай харьцуулахад харьцангуй сайн. Яагаад гэвэл уул толгодоо дагасан бэл, хөндийгөөр өвс ногоо их ургадаг.
-Өвлийн бэлтгэлээ хэр зэрэг хангаад байгаа вэ?
-Өнгөрсөн 6 дугаар сарын эхээр хур бороо орж өвс ногоо их сайхан ургасан ч сарын сүүлээс эхлэн хур бороо оролгүй гандуу зуссан. Харин 9 дүгээр сарын эхээр хэд хоног бороо орж өвс ногоо хэнзэлж ургаснаар малчид сэтгэл өег байгаа. Манай малчид энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ахиу өвс тэжээл базаасан. Мөн сумын нөөцөнд мянган боодол өвс бэлддэг байсан бол энэ жил 1500 боодлыг нэмж бэлтгээд нийтдээ 2500 боодол өвсний нөөцтэй байна. Бас 7-8 тонн тэжээл бэлтгэсэн. Өвөлжилтийн бэлтгэл ерөнхийдөө дажгүй.
-Сумын дунд сургуульд хэчнээн хүүхэд суралцаж байна? 
-Манай сумын хувьд Улаангом сумтай засмал замаар холбогдсон. Сүүлийн 3 жилд аймгийн төвд шинэ орон сууц олноор баригдсан болохоор сумын олон толгой малтай хүмүүс нь Улаангомд орон сууц аваад хүүхдүүдээ тэндхийн сургуульд суралцуулж байна. Манай суманд 350 гаруй сургуулийн насны хүүхэд байдгаас 110 гаруй нь аймгийн төвд суралцдаг. Одоо энэ давааны цаана байгаа 2 багийн хүүхдүүд бүгд Улаангомд суралцаж байна. Суманд 240 хүүхэдтэй 9 жилийн сургууль бий. Сумын сургуулийн хувьд сүүлийн 6-7 жил багшийн хүрэлцээ хомс, нэг багш 2-3 хичээл заадаг нь сургалтын чанарт муугаар нөлөөлж байгаа.
-Өнөөдөр танай сумын ажил, амьдрал ямар түвшинд байгаа бол?
-Манай суманд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлээр олгосон 150 сая төгрөг эргэлтэнд байгаа. Эхний удаад олгосон 50 сая төгрөгийг жаахан туршлага дутаад тийм ч үр дүнтэй ашиглаж чадаагүй. Харин сүүлийн 100 сая төгрөг нэлээд үр өгөөжөө өгч байна. Өнөөдөр Сагил суманд талх, нарийн боовны 2 цех, эсгий боловсруулах нэг үйлдвэр, мөн нэг фото хэвлэл ажиллаж байгаа. Манай сумын 10 гаруй хүн зээл авч цагаан ултай монгол гутал хийдэг. Тэдний үйл ажиллагаа нэлээд өргөжиж ирэх жилээс цех байгуулахаар ажиллаж байгаа. Бидний хувьд бүтээгдэхүүнээ борлуулахад жаахан асуудал бий. Иймд бид зах зээлээ өргөжүүлэх зорилгоор Тувагийн Хандгайтынханд бүтээгдэхүүнээ нийлүүлэх асуудлаар тэдний Засаг даргатай ярилцаж байгаа. Тувачууд энэ цагаан улт гутлыг их авдаг. Тува руу 60 км засмал замаар өдөртөө очоод ирэх боломжтой. Тувагаас бид хүнсний бүтээгдэхүүн /гурил, чихэр, печень/, бензин шатахуун авна. Манай аймагт 50 кг-ын гурил 50 мянган төгрөг байдаг бол тэнд 50 кг нь 35 мянган төгрөг, бас бензин 900, шатахуун 1000 төгрөг байхад манай энд 2000 төгрөг байх жишээтэй.
-Хил дамнасан малын хулгайн асуудал ямар байгаа бол?
-Манай суманд 2005 оноос хойш хил дамнасан малын хулгай эрс цөөрсөн. Арваад жилийн өмнө бол 50-60-аар нь малыг туугаад л хулгайлдаг байв. Одоо хил дамнасан хулгай ер нь байхгүй дээ. Харин дотоодын хулгай хааяа нэг гардаг. Гэхдээ ховор гэж болно.
-Танай суманд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бичил төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна уу?
“Дасан зохицохуй” төслөөс өнгөрсөн жил Түргэн суманд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бичил зээл олгосон. Ирэх оноос манай суманд тус зээлийг олгохоор болсон. Харин манай суманд нэг том ажил амжилттай хэрэгжлээ. Ёлын ам руу уулнаас энэ хоёр хадан хясаат хошуугаар үерийн ус орж ирдэг байсан юм. Сүүлийн жилүүдэд энэ ус урсахгүй болж нутгийнхан хүн, малгүй усгүй зутрах болсон. Харин энэ усыг Хагийн дэнж, Хагийн нуур руу урсгах арга технологийг хуучин байсан хоолой шуудууг нь ашиглан зөв голидролд нь оруулах ажлыг “Дасан зохицохуйн” төслийн хөрөнгөөр  Ч.Эрдэнэбаатар захиралтай “ССТ Таван од” ХХК компани ашиглалтанд оруулж өгсөн нь маш үр дүнтэй боллоо. НҮБХХ-ийн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн ачаар усаар гачигдаж байсан Хагийн дэнж, Хагийн нуурыг амь оруулсан нь үнэхээр чухал ажил боллоо хэмээн нутгийн иргэд сэтгэл хангалуун байгаа.

Д.Өлзий  

 

Холбоотой мэдээ