Түрүүлсэн шатарчин сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2017-11-17 13:24:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш орон даяар эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, тус тэмцээний Ерөнхий шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярболд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэмцээн:

-Анхан шат буюу сум, дүүргийн аварга -  11 дүгээр сарын 18-19-нд,

-Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга - 12 дугаар сарын 9-10-нд,

-Шигшээ буюу Улсын аварга - 1 дүгээр сарын 6-7-нд тус тус болно. Сумын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй гурав, эмэгтэй нэг шатарчин шалгаруулах бол дүүргийн хувьд хүн амын тооноос шалтгаалж зургаан эрэгтэй, гурван эмэгтэй шатарчинг тодруулах юм. Анхан шатны тэмцээнээс шалгарсан хүмүүс аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээд өрсөлдөнө. Аймгаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй, нийслэлээс 18 эрэгтэй, 9 эмэгтэй шатарчин шигшээ тэмцээнд оролцож, аваргаа тодруулах нь.

Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас дээш гараагүй сонирхогчид оролцох боломжтой. Тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог. Энэ жилийн тэмцээний онцлог нь энэхүү цолыг олгохоос гадна шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм. Тэмцээнд явах зардлыг зохион байгуулагч хариуцах аж. 

Оюуны спортыг улс даяар жигд хөгжүүлж, хичээллэдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлье гэсэн зорилгоор энэ тэмцээнийг 2013 оноос УИХ-ын дарга ивээлдээ авч зохион байгуулж ирсэн. Мөнхүү М.Энхболд даргын ивээл дор хоёр дахь жилдээ болох гэж байгаа ба өнгөрсөн жил гэхэд 6000 хүн оролцож байжээ.  
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ