Д.Хаянхярваа: Намын дарга, Засгийн ажил тусдаа байх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-16 14:58:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас зарим зүйлийг тодруулав. 

-Намын даргад нэр дэвшүүлэх болсон шалтгаан нь юу вэ? 32-ын бүлгээс өрсөлдөж байна гэж үзэж болох уу?
-Манайд 65-ын бүлэг л гэж бий. МАН өнөөдөр намын даргад нэр дэвших эрх хүн бүхэнд нээлттэй байдаг. Энэ бол МАН-ын Их хурлын бүрэн эрх. Миний нэрийг МАН-ын даргад нэр дэвших магадлал бүхий хүнд оруулсан цагаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн хандлагатай мэдээлэл гарах боллоо. Тийм учраас нэгэнт энэ асуудал нийтэд гарсан учир өнөөдөр намынхаа нийт гишүүд дэмжигчдэд хандан 28 дугаар Их хурлаас МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэж байгаа юм. Хэвлэлийнхнээс хүсэхэд мэдээллийг тэнцвэртэй, үнэн бодитой хүргэж, МАН-ын гишүүд дэмжигчдэд сонголтоо зөв хийхэд чин сэтгэлээсээ тусалж ажиллахыг хүсч байна. 

-Та хотын фракцаас нэр дэвшиж байгаа юу?
-Би өнөөдрийг хүртэл ямар нэгэн фракц бүлэглэлд харьяалалгүй явж ирсэн. Хэрэв намайг ямар нэгэн фракцад харьяалуулах гэж оролдвол анх удаа би хөдөө орон нутгаас гарч ирэхдээ Намбарын Энхбаяр гэж хүнийг байхад УИХ-д нэр дэвшиж орж ирсэн. Сү.Батболд гэж хүнийг байхад би Сангийн сайдаар, М.Энхболд гэж хүнийг байхад бүлгийн дарга болж анх удаагаа намын Удирдах зөвлөл гэж байгууллагад орж ажиллаж үзсэн. Ийм л товчхон намын намтартай учраас надад ямар нэг бүлэглэлийн эрх ашиг байхгүй. Энд МАН-ын эрх ашгаас илүү Монгол Улсын эрх ашиг л гэж байгаа. 

-МАН хагаралтай байна гэцгээж байгаа. Намаа нэгтгэхэд та ямар бодлого барьж ажиллах юм бэ?
-Хамгийн тулгамдсан асуудал бол өнөөдөр үүсчихээд байгаа талцал. Үүнд анхаарлаа хандуулна. Цаашдаа МАН, намын дарга, Засгийн ажлыг тусдаа байлгаж, тус тусдаа ажлаа сайн хийж байж өнөөдөр үүсээд буй намын талцал, эдийн засгийн хүндрэлд дэмжлэг болно гэж би бодож байгаа. Ийм бодолтойгоор л намын даргад өрсөлдөж байна гэж ойлгож болно.  

-Намын даргад өрсөлдөхөд дэнчин бий юу? 
-Манай намд ямар нэгэн дэнчин гэж зүйл байхгүй. 

-Намын даргын сунгаа хэр зэрэг шударга явах бол? Мөнгө тарааж байна гэх мэт мэдээлэл гадуур их гарч байна л даа?
-Янз янзын мэдээлэл, яриа гарч байгаа. Миний хувьд МАН-ын даргын сунгаа шударга явна гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ хэвлэл мэдээллээр гарч байгаа зарим мэдээллийг харахад миний нэртэй холбоотой гэгээтэй юм байвал их хурдан алга болж, гэрэлгүй тал руугаа байвал маш хурдан түгэж байна. Гэх мэт өрөөсгөл зүйл хэвлэлд байгаа. Тиймээс мэдээллийг үнэн зөв гаргаасай гэж хүсч байгаа юм. МАН-ын гишүүд мөн эрүүл саруул ухаанаар сонголтоо хийнэ гэж итгэж байна. 

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ